
Австрийн Засгийн газар нацист дарангуйлагч Адольф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэсэг болон хүний эрхийн сургалтын төв болгон сэргээн засварлах ажилдаа орлоо. Австри-Германы хил дээр орших Браунау-ам-Инн хот дахь уг барилгыг нацизмыг шүтэн бишрэгчдийн ёслол бэлгэдлийн газар болохоос сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Адольф Гитлер 1889 онд уг байшингийн дээд давхрын өрөөнд төрж, амьдралынхаа эхний цөөн хэдэн сарыг өнгөрөөжээ. Австрийн Засгийн газар уг барилгыг олон жил хувийн эзэмшлээс түрээсэлж байгаад 2016 онд хууль тогтоомжийн дагуу улсын өмчид хураан авсан юм.
Архитектурын уралдаанаар шалгарсан төслийн дагуу уг барилгын фасадыг бүрэн шинэчилж, фашист үзэл сурталтай холбоотой шинж тэмдгүүдийг бүрэн арилгана. Улмаар уг барилгад орон нутгийн цагдаагийн газар болон цагдаагийн ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалтын төв байрлах юм. Энэ нь нацизмын эсрэг хууль сахиулах, ардчилал болон хүний эрхийг хамгаалах бэлгэдэл болох ёстой гэж Австрийн Дотоод хэргийн яамнаас тайлбарлалаа.
Тэгвэл түүхчид болон орон нутгийн иргэд дээрх шийдвэрийг шүүмжилж, барилгыг нацизмын гэмт хэргийг сануулах музей, дурсгалын төв болгох нь илүү тохиромжтой гэж үзэж байна.