Детектив зохиолчийн талаарх детектив зохиолыг Рампо л хамгийн гарамгай бичиж чадна. “Шулам”, “Сэрүүн зүүд”, “Доктор Мэрагийн гэмт хэрэг” өгүүллэгүүдээс нь энэ талаар унших боломжтой.
Санаанд оромгүйгээр аллага үйлдэж, жинхэнэ садомазохист тоглоомыг амьдралд хэрэгжүүлсэн баатруудыг детектив буюу адал явдалт зохиол бичдэг эрхмүүд өөрсдийн гайхалтай уран сэтгэмжийг ашиглан барьдаг агаад алуурчид ч гэсэн адал явдалт зохиолын хорхойтнууд байдаг.
Эдогава Рампо гэдэг нь японы адал явдалт зохиолын титэмгүй хаан Таро Хирaигийн уран зохиолын нэр юм. Үүний шалтгааныг мэдэхгүй уншигч ховор биз ээ. Детектив зохиолыг үндэслэгч Эдгар Аллан Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлага нь Эдогава Рампо болно. Титэм угаас Эдгар Аллан Под л байх учиртай бус уу. Артур Канон Дойл, Эдогава Рампо, Роберт Блох, Артур Уильяамс, Брэм Стөүкэр, Стивен Кинг… Тэд үүнд сэтгэл хангалуун явдаг, өөрсдөд нь титэм байх ёсгүйг сайн мэддэг хаад.
“Хар муур” хэвлэлийн газраас түүний өгүүллэгүүдийг Д.Дашмөнхийн дуун хөрвүүлснээр эмхэтгэн “Доктор Мэрагийн гэмт хэрэг” нэртэйгээр уншигчдад хүргэжээ.

Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчхөөд гарч чадахгүй байгаа мэт байдалд Рампо уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжид төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдаж эхлүүт Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.
“Доктор Мэрагийн гэмт хэрэг” бол жинхэнэ хар дарсан зүүдний тухай өгүүлэмжүүдээр дүүрэн туурь. Болж буй үйл явдал, тухайн нөхцөл байдал, хэрэг гарч буй газар, Марүноүчи дүүрэг, С гудамжны үнсэн саарал ханатай байшингууд болоод адилхан хоёр хавцлын дүрслэл, сарны муу ёр зөгнөсөн туяа зэргийг уншихад үнэхээр толинд харж зогсоод өөртэй минь яг адилхан хүн хоолойгоо хэрчиж байхыг үзэх шиг зэвүүцэм мэдрэмжийг авдаг.
Борхес “Гудамжны булан эрхшээгч” өгүүллэгээ өөртэй нь гол дүрийн алуурчин залуу ярьж буйгаар бичсэн байдагтай адил “Доктор Мэрагийн гэмт хэрэг”-ийн тухай сар, толь хоёр ямар нэгэн сэжмээр холбоотойгоос гадна эдгээр зүйлс ид шидтэй гэдэгт итгэсэн, амьтны хүрээлэнд тааралдсан залуу Эдогавад өөрт нь ярьж буйгаар бичигдсэн байна.
Эл туурь “Шинэ зохиолынхоо санааг олохын тулд би ямар ч зорилгогүй, гудамжаар дэмий тэнэдэг юм” гэж эхэлдэг. Үнэхээр Эдогава хэний ч санаанд оромгүй зүйлүүдийг бодож олохын тулд Токиогийн хамгийн үймээн самуунт эсвэл чимээ аниргүй мухар, харанхуй гудамж хонгилуудаар тодорхойлсон зорилгогүй тэнэдэг байсан болов уу гэж бодогддог билээ.
Ингээд зохиогчид маань хачин жигтэй нэгэн залуу сармагчны тухай ярина. Тэд бүгдийг элэглэн дуурайдаг нь маш аймшигтай гэдгийг хэлж хамгийн анхны түүхийг өгүүлнэ. Энэ нь аянчны түүх юм. Ууланд аварга том бичтэй таарсан аянчин залуу санамсаргүй сэлмээ алдах боловч хөл дороосоо мөчир авч жинхэнэ илд шигээр түүнийг эргүүлж, янз бүр болгоход бич дуурайдаг. Эцэст нь залуу мөчрөө хоолой дээрээ тавин хэрчиж буй дүр үзүүлтэл бич ч мөн дуурайгаад хоолойгоо хэрчих нь тэр.
Хамгийн эхний аймшигт түүх энэ боловч детектив зохиолчийн хувьд жаахан хүүхэд ч айлгаж чадахааргүй яриа байсан нь ойлгомжтой. Гэвч жинхэнэ түүх ингэж эхэлнэ.
“…Хоёр адилхан аварга чулуун хана эгнэсэн байшингуудын хоорондох нарийхан бяцхан гудамжийг төсөөлөөд үз л дээ. Хотожсон иргэншлийн хавцал мөн байгаа биз дээ. Байгаль дахь уулын хавцлаас илүү аймшигтай. Хавцлын ёроол дахь нүцгэн бетон хананууд уулын хад чулуунаас илүү үхмэл, амьгүй. Хөрст дэлхий огт байхгүй, нэг ч цэцэг навч үгүй. Нүдэнд торох юм огт байхгүй. Жилийн аль ч улиралд ийм л байна. Аварга том саарал чулууг сүхээр цавчаад гуу гаргачихсан адил. Гудамжнаас дээш харвал тэнгэр тэртээ дээр нарийхан тууз шиг л үзэгдэнэ. Тэр зайгаар нар сар хоёр ялихгүй шургаад л өнгөрдөг юм”.
Яг л ийн уншиж эхлэх үед аймшигтай хар дарсан зүүдний ертөнцөд хөл тавих шиг болдог. Энэ л гудамд, барилгын хойд жигүүрт ахархан хугацаанд гурван хүн яг ижил байдлаар амиа хорлосон хэрэг гарна. Тэр хүмүүс сарны тусгалд өөрсдийнхөө боож үхсэн дүрийг олж хараад ийм үйлдэл хийжээ. Гэтэл доктор Мэра гэх нууцлаг амьдралтай эмч хүн энэ бүхнийг сарны гэрэл ашиглан үйлдсэнийг өгүүлэгч маань өөрөө олж тогтоосноо хүүрнэдэг.

Доктор Мэра эсрэг талын байшинг хөлслөгчтэй яг адилхан хувцас авч, араг ясанд өмсүүлээд тэргэл сар гарсан орой цахилгааны хөндлөвч модноос дүүжилж орхидог байжээ. Хүмүүс яалт ч үгүй өөрийнхөө үхсэн дүрийг толинд туссан мэт үзсэнээр амиа хорлоод буйг залуу олж мэддэг. Ингээд Мэраг өөрийнх нь урхинд оруулна. Хүнтэй адил хэмжээтэй манекэн хүүхэлдэйг доктортой адил хувцаслаад л өөрийнх нь бусдын үхэхийг харж таашаал авдаг байсан муу ёрын урхинд нь оруулаад хавцлаас хүүхэлдэйгээ түлхчихнэ. Доктор ч бас үхнэ.
Заримдаа Рампо биднийг аймшигтай асуултуудаар булж орхичихоод алга болчихно. “Зурагтай аялагч” бөөн, бөөн шавжны юм уу хэрээнийх шиг тас хар өнгөтэй асуултуудыг уншигчдад үлдээдэг. Эл туурийг товчхон сийрүүлэх нь зөв биз.
Бүүдгэр гэрэлтэй вагонд суусан залуу, үл таних эр, вагоны цонх руу цааш харуулан тавьсан зураг сэлтийг сониучирхан харж явна. Гэтэл өнөөх хүн түүнд ойртон ирээд зургийг үзүүлж, итгэмээргүй түүх өгүүлдэг. Зураг дээр хөгшин өвгөн, гоо сайхан бүсгүй байх ажгуу. Өнөөх зурагтай аялагч өвгөнийг зааж тэр миний ах хэмээгээд бүх зүйл Асакуса цэцэрлэгт барьсан цамхаг, дуран хоёроос үүдсэн болохыг хэлдэг. Ах нь цамхаг дээр гарч Токиогийн сайхныг биширдэг байсан бөгөөд нэгэн өдөр дуран авч түүгээрээ хүмүүсийг дурандаж зогссоноос хойш хоол унднаас гарч, турж эцдэг. Харин дүү нь үүний учрыг олж мэднэ. Ах нь нэгэн бүсгүйд дурлажээ. Гэвч тэр нь бодит хүн бус зурсан зураг дээрх гоо бүсгүй байдаг. Гэтэл ах нь дүүгээ миний хэлсэн бүгдийг хий хэмээн даалгана. Тэгээд ийм явдал болжээ.
“Дуранг нүдэндээ ойртуулан, эсрэг талаас нь шагайвал ах маань хагас, 45 метр хэртэй жижигхэн болчихсон харагдав. Гэвч би бүрэнхийн дунд түүнийг сайн ялган харж байлаа. Гэнэт ах минь гэдрэг алхсан ч юм уу жижгэрч эхэлснээ улам хурдан жижгэрч, намайг дурангаар харсаар байтал гоёмсог хүүхэлдэй болон хувираад шөнийн харанхуйд уусан алга болох нь тэр. Би айдаст автаж дурангаа хөсөр чулуудаад ийш тийш харан түүнийг эрж бархирч гарлаа.” Ингээд ах нь дурласан бүсгүйтэйгээ үүрд байх болж, нэг ёсондоо зураг дотор орчихсон гэсэн үг.
Залуу одоо тэр хоёрын бал сарыг тэмдэглэн газар үзүүлж, сайхан нутгуудаар аялж яваа аж. Зураг дотор орсон ах нь хөгширч байв ч, эмэгтэй нь гоо үзэсгэлэнтэй хэвээрээ байгааг өгүүлснээр зохиол төгсдөг.
Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг” зохиолыг санаж байгаа биз дээ. “Хүнийг оюун ухаантай гэж хэн хэлсэн юм бэ? Ямар яаруу дүгнэлт вэ?” гэсэн хачин жигтэй уулга алдалтуудаар цоо хатгадаг эл зохиолд ч сайхан залуугийн тухай гардаг. Грейн хэдий сайхан залуу, түүний хөрөг өөрөөс нь хэд дахин илүү зурагдсан ч эцэст нь өтөнд идэгдэж, үзэшгүй муухайгаар өвгөрсөн хүний дүртэй болсон байдаг. Учир нь Грейн амьдрал дээр муу муухайг үргэлж үйлддэг байсан болохоор тэр. Тиймээс ч “Зурагтай аялагч”-тай төстэй өгүүлэмж энд байгаа нь ажиглагдах ч Оскар Уайлдын зохиол хүний мөн чанарын асуудалд хариулт өгөх гэсэн тодорхой шинж чанартай.

Харин Рампогийнх тэс өөр. Чухам ямар тодорхойлолт, ямар хариултыг өгөх нь нэлээдгүй эргэлзээтэй. Дурангийн эсрэг талаар харах, шөнийн харанхуйд уусан шингэж зурган дотор амьд хүн ороод явчихаж буй эл өгүүлэмжийг хэрхэн тайлбарлах вэ? Зүгээр л аймшигтай хар дарсан зүүд гэхээс өөр бодол толгойд үл орж ирнэ.
Нууцлаг шинжтэй, сэтгэл түгшээм асуудлуудыг хошин наргиан мэтээр хүлээн авч, жигтэйгээр шийддэг, айдас хийрхэлээ буг чөтгөрийн гэмээр оюун сэтгэхүйдээ цаг ямагт цагдан хорьж дийлдэггүй түүний зохиолын дүрүүд нь ямар ч хийсвэрлэл үгүй дэндүү бодит сэтгэгдэл төрүүлдэг.
Этгээд хачин түүх ч гэлээ бичлэгийн өнгө аяс нь үнэхээр жигтэй. Эхлэлд дүрслэгдсэн хавцал, зайгаар нь нар, сар шургаад л өнгөрдөг орон зайн нэгээхэн агшинд бидний төсөөлж ч амжаагүй нууцууд нам гүмхэн сууж буйг Рампо сэрээж хүмүүст үзүүлсэн юм.
Ямартаа ч Рампо бидэнд хамгийн гайхмаар ертөнцийг бэлэглэж, санаанд оромгүй сэтгэлзүйн өөрчлөлтүүд, өөрсдийн оюун ухаанд орших бүхий л элементүүдийг хордуулж өөрийгөө сүйтгэгчдийн дур хүсэл хэзээд хэмжээ хязгааргүй байдаг талаар олон асуултыг дэвшүүлж, түүндээ өөрөө хариулчхаад буй.
Нөгөөтээгүүр ид шид, цусан дарс хольсон дотоод ертөнцийн зөрчлийг бодит ахуйн муу зүгийн бүхэнтэй нийтгэж, сайтар найруулсан тууриудаараа жинхэнэ садомазохист оньсон тоглоомыг бүтээсэн билээ.
Уншигч бүрийн оюун ухаанд эл аймшигт тоглоомын оньсыг тайлах түлхүүр бий. Бурхан, чөтгөр, сахиусан тэнгэрүүдийн алинд нь ч дөтлөн хүрч чадахгүй доромж байдал, айдсын хязгаараа даван туулахыг хүсвэл түлхүүрээ бариад, оньсыг тайлахын тулд Рампогийн бүтээсэн уулын хавцлаар аялах хэрэгтэй. Энэ нь магадгүй Рампогийн зохиолуудаас ч илүү таныг зовоон тарчилгах үйлдэл ч байж мэдэх юм шүү.
Б.Алтанхуяг