
1980-аад онд хулгайлагдсан олон зуун жилийн түүхтэй хөшөөг Гималайн нурууны Балба улс нийслэл Катманду дахь анхны сүмд нь буцаан байрлууллаа.
Балбын сүмээс хулгайлагдсан Буддагийн олон зуун жилийн түүхтэй хөшөөг анхны байранд нь дахин залжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд гадаадын музей, цуглуулагчдаас буцаан авчирсан түүхэн дурсгалт зүйлсийн нэг юм.
XIII зуунд хамаарах уг хөшөөг баасан гарагт уламжлалт хөгжмийн эгшиг дор дамнуургаар зөөж, нийслэл Катманду дахь суварга хэлбэрийн сүмд нь буцаан авчирсан байна.
АНУ-ын тусгай элч оролцсон ёслолын үеэр 2022 онд Нью-Йоркоос буцаан авчирсан хөшөөг анхны чулуун суурин дээр нь байрлуулжээ. Энэ үйл явдал Буддын шашныг үндэслэгч Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг Бурхан багшийн их дүйчэн өдөртэй давхацлаа.
Орон нутгийн иргэд жинхэнэ хөшөөний оронд шүтэн мөргөж байсан хуулбарыг сүмийн өөр хэсэгт шилжүүлжээ.
Балбын Археологийн газрын мэдээлснээр, уг хөшөөг 1980-аад онд сүмээс хулгайлсан бөгөөд хожим Нью-Йорк дахь соёлын төв болох АНУ-ын Төвдийн ордонд (Tibet House US) тавигдсан байжээ. Үл мэдэгдэх нэгэн лам тус төвд хөшөөг бэлэглэсэн аж.
Гэвч олон сүм, дурсгалт газарт олон зуун жилийн түүхтэй баримал, уран зураг, сийлбэртэй цонх, тэр ч байтугай хаалга хүртэл үгүй болжээ. Балба улс 1950-иад онд гадаад ертөнцөд нээлттэй болж эхэлсний дараа эдгээр зүйлсийн олонх нь хулгайлагдсан байна.
Авлига авсан албан тушаалтнуудын тусламжтайгаар олон бүтээлийг АНУ, Европ болон бусад бүс нутгийн урлагийн зах зээлд нийлүүлэхээр авч гарчээ. Гэсэн хэдий ч эдгээр дурсгалт зүйлийг хууль бусаар гадаадад гаргахыг хориглодог хэвээр байна.
Балбын Археологийн газрын мэдээлснээр, мод, чулуун сийлбэр, уран зураг, судар бичиг, бурхдын баримал зэрэг нийт 200 орчим түүхэн дурсгалт зүйлийг эх оронд нь буцаан авчирчээ. Тэдгээрээс 41-ийг нь анхны байранд нь дахин байрлуулсан гэнэ.
Балбын эрх баригчид ялангуяа АНУ, Франц, Герман, Их Британиас илүү олон түүхэн дурсгалт зүйлийг буцаан авахыг зорьж байна.