
Ливаны өмнөд хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас Индонезийн хоёр энхийг сахиулагч амь үрэгдсэн тухай бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй Ливанд дахь НҮБ-ын түр энхийг сахиулах хүчин (United Nations Interim Force in Lebanon) мэдэгдлээ.
Тус дэлбэрэлтийн улмаас гурав дахь энхийг сахиулагч хүнд шархдаж, дөрөв дэх нь мөн гэмтсэн байна. UNIFIL-ийн мэдээлснээр, энэ нь сүүлийн 24 цагийн дотор гарсан хоёр дахь хүний амь хохирсон тохиолдол юм.
Өмнөх орой нь мөн Индонезийн нэг энхийг сахиулагч Ливаны өмнөд хэсгийн Адчит аль-Кусайр сууринд үл мэдэгдэх гаралтай пуужингийн дэлбэрэлтийн улмаас амиа алдсан байна.
UNIFIL хоёр тохиолдлын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ.
Эдгээр үйл явдал нь Израилийн арми Ливаны зэвсэгт бүлэглэл Хезболлагийн эсрэг хуурай зам болон агаараас довтолгоогоо нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэний дараахан болж байна. Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл АНУ, Израилийн Иранд хийж буй цохилтын хариуд Израилийн нутаг руу пуужин харваад байгаа юм.
Израилийн Батлан хамгаалах хүчин Telegram сувгаар дамжуулан мэдэгдэхдээ уг хэрэг явдлуудыг “нарийвчлан шалгаж, Хезболлагийн эсвэл Израилийн Батлан хамгаалах хүчний үйл ажиллагаатай холбоотой эсэхийг тогтооно” гэсэн байна. Мөн “эдгээр нь идэвхтэй байлдааны бүсэд болсон тул НҮБ-ын цэргүүд хохирсон бүх тохиолдлыг Израилийн Батлан хамгаалах хүчинтэй холбож үзэх ёсгүй” гэдгийг онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефани Дужаррик хэлэхдээ, энхийг сахиулагчид бол “олон улсын хамтын нийгэмлэгийн нэрийн өмнөөс илгээгдсэн цэргүүд” бөгөөд тэднийг хамгаалах ёстойг онцлон тэмдэглэв. Тэрээр Ливан болон Израилийг UNIFIL-ийн механизм ашиглан яриа хэлэлцээ хийхийг уриалж, “Ливаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Мөн өнөө өглөө Израилийн Батлан хамгаалах хүчин өмнөд Ливанд болсон тулалдаанд өөрийн дөрвөн цэрэг амиа алдсан гэж мэдээлжээ. Нэг цэрэг хүнд, нөөц хүчний нэг цэрэг дунд зэргийн шарх авсан байна.
UNIFIL амь үрэгдсэн хоёр энхийг сахиулагчийн талаар “энхийн төлөө амиа зориулсан зоригт цэргүүдийн ар гэр, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж мэдэгдэв. Олон улсын хуульд зааснаар бүх талууд НҮБ-ын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд санаатай халдлага нь олон улсын хүмүүнлэгийн хуулийн ноцтой зөрчил болохыг анхааруулжээ.
UNIFIL нь 1978 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан бөгөөд Израил, Ливаны хоорондын “Хөх шугам”-ын дагуу энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж ирсэн. Байгуулагдсанаас нь хойш нийт 339 энхийг сахиулагч амь үрэгдээд байна.