Долоон жилийн өмнө шведийн төв банкны ерөнхийлөгч 2025 он гэхэд бэлэн мөнгийг хэрэглээнээс халж төлбөр тооцооны систем нь бүрэн цахимжсан анхны улс болохоо амлаж байв. Шведэд 10 худалдан авалтын нэг нь л бэлэн мөнгөөр хийгддэг болсоор удсан ч одоо цахим банк нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэмээн сэрэмжлэх боллоо.
Нордикийн улсууд 20 жилийн өмнөөс цаасан дэвсгэртээс аль болох татгалзаж төлбөрийн карт хамгийн түгээмэл төлбөрийн хэрэгсэл болсны дараа Шведийн зургаан банк хамтран гар утасны Swish төлбөрийг системийг нэвтрүүлж иргэдийн өдөр тутмын гүйлгээ цахим төлөвт шилжих явц улам түргэссэн юм. Гэвч геополитикийн тогтворгүй нөхцөл байдлаас улбаалан Шведийн эрх баригчид сүүлийн хагас жилд иргэдээ бэлэн мөнгө хадгалах, хэрэглэхийг уриалж эхэллээ. Арваннэгдүгээр сард Шведийн Батлан хамгаалах яамнаас “Хямрал эсвэл дайн ирвэл” нэртэй товхимлыг айл бүрт илгээж, иргэний хамгаалалтаа бэхжүүлэх зорилгоор бэлэн мөнгө тогтмол хэрэглэж, долоо хоногоос доошгүй хугацаанд хүрэлцэх мөнгөн тэмдэгт нөөцлөхийг зөвлөжээ. Төв банк нь ч “Олон жилийн турш үр ашигтай байх нь төлбөрийн нэн тэргүүний зорилт байсаар ирсэн бол одоо аюулгүй байдал, хүртээмжтэй байх нь наад захын шаардлага” гэж тодотголоо. Улмаар арванхоёрдугаар сард Шведийн Засгийн газар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг уриалсан юм.
Мөхөл бус эргэн ирэлт
Шинэ мянганы технологийн хурдацтай хувьсал дэлхий даяар бэлэн мөнгөний хэрэглээ огцом буурсан гол шалтгаан. Карт, гар утасны төлбөр, QR код, биометр зэрэг технологийн шийдлүүд аялал жуулчлал, онлайн худалдаа, зочид буудал, тээврийн салбарт бүрэн нэвтэрч 2023 онд 73 хувьтай байсан бэлэн мөнгөний хэрэглээ өдгөө 20 хувьд ч хүрэхгүй болсон. Цар тахлын үед халдвараас сэргийлэх үндэслэлээр дижитал шийдэл улам төгөлдөржив. Гэхдээ 2023–2025 оны статистик мэдээллээс харахад бэлэн мөнгө мөхөх бус харин ч финтек үйлчилгээний хөөс хагарч байгааг харж болно. Бодит байдал дээр олон оронд дахин бэлэн мөнгөний хэрэглээ эргэн өсөж буйн шалтгаан нь дан ганц санхүүгийн сонголт бус, харин нийгмийн сэтгэлзүй, эдийн засгийн бодит байдал, улс төрийн хяналт, хувийн нууцын асуудлуудтай холбоотой аж. Иргэд бэлэн мөнгийг хувийн орон зайгаа хадгалах, өөрийн зарцуулалтад итгэлтэй байх, цахим систем доголдсон үед хэрэглэхээр нөөцлөх зэрэг олон шалтгаанаар хэрэглэдэг. Ялангуяа инфляц, амьжиргааны өртөг өсөж буй үед бэлэн мөнгөөр зардлаа төсөвлөх, хэрэглээгээ хянах үр дүнтэй арга нь бэлэн мөнгө.
Санхүүгийн эрх чөлөө
2023-2024 онд Их Британид бэлэн мөнгөний хэрэглээ өссөн үзүүлэлттэй. Nationwide банкны мэдээллээр, 2024 оны эхний улиралд ATM ашиглалт 4.6 хувиар өссөний дээр долоо хоногт дунджаар 800 мянган хүн бэлэн мөнгө татан авч байна. Gen Z үеийнхэн дунд орлогоо дугтуйнд хуваан хадгалах аргаар зардлаа хянаж, зээлийн картаас татгалзах “cash stuffing” хэмээх төсөвлөлтийн арга дэлгэрч байгааг Tik-Tok сүлжээнээс харж болно.
Харин АНУ-д дижитал төлбөрийн систем давамгайлж буй хэдий ч бэлэн мөнгөний хэрэглээ төдийлөн буураагүй. Судалгаагаар америкчуудын 55 хувь нь бэлэн мөнгө хувийн орон зайг нь хамгаалах хэрэгсэл гэж үздэг. Дижитал төлбөр бүртгэгддэг, улмаар хэрэглээний зуршлыг нь төрийн байгууллагууд хянах боломжтой тул бэлэн мөнгө санхүүгийн эрх чөлөөг нь хадгалах хэрэгсэл хэвээр байна. 2023 онд АНУ-ын жижиглэн худалдаанд бэлэн мөнгөний эзлэх хувь 18 хувь байсан нь өмнөх оныхоос бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт юм. Ялангуяа өндөр настнууд, бага орлоготой өрхүүд, цагаач иргэд бэлэн мөнгө голдуу ашигладаг.
Германд 2023 оны байдлаар нийт төлбөрийн 58 хувь бэлэн мөнгөөр хийгдсэн бөгөөд иргэдийн 70 хувь нь бэлэн мөнгийг санхүүгийн эрх чөлөө хэмээн үздэг судалгаа гарчээ. Канадад цар тахлын үеэр бэлэн мөнгөний хэрэглээ буурсан ч 2022 оноос дахин өсөж эхэлсэн нь эдийн засгийн хүндрэл, өрхийн зардал нэмэгдсэнтэй холбоотой аж.
Тэгвэл Австралийн парламент 2024 онд бэлэн мөнгөний хэрэглээг бүр хуульчилж өгсөн. Дижитал шилжилт хэт түргэн явагдахаас сэргийлсэн “Бэлэн мөнгөний хүртээмжийн хууль”-д хуульд эмийн сан, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц зэрэг зайлшгүй үйлчилгээг үзүүлдэг газрууд бэлэн мөнгө хүлээн авах үүрэг хүлээжээ. Зөрчвөл торгууль ногдуулна. Австарлийн алслагдсан бүс нутгийн иргэд, өндөр настнууд, уугуул оршин суугчдын хувьд интернэтийн хүртээмж, санхүүгийн боловсрол хангалтгүй байдгаас дижитал хэтэвч ашиглах боломж хязгаарлагдмал байдаг юм.
Япон технологийн дэвшлийг түүчээлдэг ч нийт гүйлгээний 44 хувь бэлэн мөнгөөр хийгдэж байгаа нь дижитал соёл давамгайлж буй дэлхийд онцгой тохиолдол юм. Япончууд бэлэн мөнгийг хувийн нууцыг хадгалах, ахмад настнуудын хэрэгцээг хангах, хандив, бэлэг өгөх эрэг соёлын уламжлалт шалтгаанаар өргөн хэрэглэсээр байна.
Шведтэй зэрэгцэн 2025 он гэхэд цаасан мөнгийг үндсэн гүйлгээнээс бүр мөсөн халах зорилго тавьсан Норвегийн Засгийн газар иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Өнөөдөр Норвегид бэлэн мөнгөний хэрэглээ ердөө 3.5 хувь байгаа нь Европ тивд хамгийн бага үзүүлэлт. Гэвч иргэд цаасан мөнгийг бүрэн халснаар нийтийн санхүүг хэт төвлөрүүлэх авторитар дэглэмийн эхлэл тавигдах нь хэмээн тун сэжиглэнгүй хандаж буй.
Энэтхэг, Бразил, Индонез зэрэг хөгжиж буй орнууд дижитал шилжилт эрчимтэй хийж буй ч бэлэн мөнгөний хэрэглээ давамгай хэвээр. Энэтхэгт дижитал хэтэвч, UPI систем хурдацтай хөгжсөн ч 2023 онд гүйлгээний 70 гаруй хувь нь бэлэн мөнгөөр хийгджээ. Энэ мэтчилэн иргэдийн дийлэнх нь банкны дансгүй, интернэтгүй, эсвэл санхүүгийн боловсрол сул нөхцөлд бэлэн мөнгө гүйлгээнээс тийм амархан арчигдахгүй нь. Мөн жижиг бизнесүүд, хөдөө орон нутгийн зах зээлүүд бэлэн мөнгө голлон ашигладаг нь дэвсгэртийн хэрэглээг тогтвортой хадгална. Үүний зэрэгцээ банканд дансгүй иргэдийн 36 хувь нь санхүүгийн үйлчилгээний байгууллагад огт итгэдэггүй шалтгаан тоочжээ.
Төгс хоршил
Дэлхийн банкны тайланд дурдсанаар 1.4 тэрбум хүн банкны системд хамрагдаагүй хэвээр байгаа нь бэлэн мөнгөний үргэлжлэх хэрэгцээг илтгэнэ. Харин ч технологи бэлэн мөнгөний оролцоог дэмжих, хүртээмжийг тэлэх, хос систем бүрдүүлэхэд чиглэх шаардлагатай байгаа аж. Бэлэн мөнгөний дахин сэргэж буй хандлага бол өнгөрсөн рүү ухарч буй үзэгдэл биш, харин ирээдүйн санхүүгийн загварыг илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хяналттайгаар бүрдүүлэхэд чиглэсэн хариу үйлдэл юм.
Дижитал шилжилт цаашид ч үргэлжилнэ. Гэвч энэхүү шилжилт нь хүний эрх, хувийн орон зай, нийгмийн тэгш хүртээмжийг золиосолж болохгүй юм. Ирээдүйд хос систем-бэлэн мөнгө болон дижитал хэлбэр зэрэгцэн орших загвар нь эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн итгэлцэл, системийн уян хатан байдлыг хангах гол түлхүүр болж магадгүй.