Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд эрчим хүч, боловсруулах хүнд аж үйлдвэрийн төслүүдэд гол анхаарлаа хандуулсан байна.

Түүнчлэн улсын болон орон нутгийн чанартай зам, цэцэрлэг сургуулийн тоог нэмэх, жишиг нэгдсэн эмнэлгүүд болон төрөлжсөн төв эмнэлгүүдийг байгуулах ажлуудыг тусгажээ. Гэвч эдгээр төлөвлөлтийн төсөлд хийж хэрэгжүүлэх ажлуудын шалгуур үзүүлэлт бодитой биш байгаа тухай гишүүд анхааруулж буй. Зарим яамдын дэвшүүлсэн зорилт дүгнэхэд хүндрэлтэй, нэр төдий дүр эсгэсэн байдалтай байгаа нь төсвөөсөө эхлээд төр тодорхой биш байдалд хүргэж байгааг олон гишүүн шүүмжилж байна.

Төсөөлөл

УИХ Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Он дамнасан нүүрсний үнийн уналтаас үүдэн төсвийн орлого тасарч, 2025 оны төсвийн тодотголыг оруулж ирэхийг шаардсан гишүүдэд Сангийн сайд төсөв тодотгох хэмжээнд хүрээгүй гэж хариулсан. Гэхдээ ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг харахад голлох түүхий эдийн ханшийг харьцангуй даруухан төсөөлжээ. Нүүрсний үнийг 80 ам.доллар, зэсийн үнийг 9200 ам.доллар байхаар тооцжээ. Өнгөрсөн намар алдагдалтай төсөвт нь Ерөнхийлөгч хориг тавьж төсвийг хоёр удаа хэлэлцсэн.

Ирэх жил төсвийн реформын хүрээнд урсгал зардлыг 15 хувь танах, эмч багшаас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувь цөөрүүлэх, төрийн өмчийн компаниудын өгөөжийг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа.

Энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 7.5 хувьтай байх болов уу гэж төсөөлж байгаа ч ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалахаар байна.

Төлөвлөгөө

Мэдээж Засгийн газар том төслүүдээ яаравчилж байгаа. Гэхдээ өнгөрсөн жил төсвийг хэлэлцэхэд ахин хасагдсан төсөл арга хэмжээнүүд хэрхэх нь тодорхойгүй байна. 2026 онд хэрэгжүүлэх 300 төсөл, арга хэмжээг 17 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ. Эдгээрийг бүрэн санхүүжүүлэх төсвийн боломж ямар байх, голлох түүний эдийн үнийн савлагаа, дэлхий нийтийг хамарсан тогтворгүй байдал, өрнөлөөс олон зүйл шалтгаална. Ямартай ч энэ жагсаалтад одоо өргөн баригдсанаар улс орны хэмжээний эрчим хүч, зам, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн гол төслүүдэд юу багтсаныг авч үзье.

Юуны өмнө эрчим хүчний төслүүдээ яаравчлах нь. Эдийн засагт гаднаас шалтгаалах эрсдэлүүдээс гадна дотоодын гол эрсдэл ерөөсөө цахилгаан хангамжийн хомсдолоос болж шинэ үйлдвэр төслүүд, хотхон хороолол бүтээн байгуулалтыг эрчим хүчээр хангаж чадахгүй байх эрсдэл бий. Одоо ч өдөр бүр хязгаарлалт хийж байна. Үүнийг шийдэхийн тулд эрчим хүчний салбарт гол анхаарлаа ойрын жилүүдэд хандуулна. Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөний хоёрдугаар хавсралт дахь төсөл арга хэмжээнүүдийг харвал Тавантолгойн 450 мВт-ын дулааны цахилгаан станцыг барих ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж барилгын ажлыг 50 хувьд хүргэх, Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станцын ажлыг эхлүүлж ирэх онд 70 хувьд хүргэх, Даланзадгадын 50 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх зэрэг багтаж байна. Түүнчлэн Багануур-Чойр 188 км, Тавантолгой-Оюутолгойн 167 км, Чойр-Сайншандын 220 км, Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлийн 69 км хоёр хэлхээ цахилгаан дамжуулах шугам барих ажил жагсаалтад туссан байна.

Зам барилгын чиглэлд ч багагүй зүйл төлөвлөсөн. Өнгөрсөн жил ахин төсвийг танах болоход орон нутгийн замуудаас олон хасагдсан. Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд харин олон улс, улсын чанартай замуудыг өргөтгөх чиглэлийн ажлууд олон байна. Тухайлбал Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км автозам барих, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг өргөтгөх, Лүнгийн гүүрийг дөрвөн эгнээ болгох, Баяндалай-Гурван тэс чиглэлийн 80 км автозам барих, Бор-Өндөр-Хэрлэн чиглэлийн 179.7 км хатуу хучилттай автозам барих зэрэг томоохон ажил жагсаалтад багтаад байна. Замын төслүүд бол хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан ажлууд. Тиймээс ч төсвийн зардлаас хасах болоход замын төслүүд хамгийн эхэнд өртөж байгаа. Ямартай ч ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд 15 томоохон ажил багтжээ.

Эрүүл мэндийн салбарт хамгийн том ажил нь Дархан хотод орон нутгийн лавлагаа шатлалын эмнэлэг шинээр барих ажил туссан байна. Мөн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барих, Халдварт өвчин судлалын үндэсний төв-2, Зүрх судасны төв байгуулах, Хан-Уул дүүргийн жишиг эмнэлгийг ашиглалтад оруулах, Чингэлтэй дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зэрэг эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Боловсролын салбарын бүтээн байгуулалтын хувьд 38 цэцэрлэг ашиглалтад оруулах, 45 цэцэрлэгийн ажлыг шинээр эхлүүлэх, стандартын шаардлага хангасан хоолны газартай сургуулийн тоог 50-75-аар нэмэгдүүлэх, 37 сургуулийг ашиглалтад оруулан, 45 сургуулийн шинэ бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин боловсон хүчнийг чадавхжуулах бодлогын хүрээнд бага ангийн 1500, ерөнхий боловсролын 9400, англи хэлний 1000 багшийг гадаад, дотоодын их дээд сургуульд бэлтгэж мэргэшүүлэх төлөвлөгөөг тусгасан байна.

Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэр барих, Зөөвч-Овоо, Дулаан Уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хангах, Нүүрс, хими, Кокс-химийн цогцолборыг ашиглалтад оруулах, Тавантолгой үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэсэн Кокс-химийн цогцолборын дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, Гангийн цогцолборыг ашиглалтад оруулах, Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн төслийг эхлүүлэх, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар барих, Газрын ховор элемент болон өндөр технологийн түүхий эдийн геологийн судалгаа хайгуулыг эрчимжүүлэх зэрэг томоохон төслүүд туссан байна.

Тодорхойгүй байдал

Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөрийн үр дүн болон гарцыг шалгуур үзүүлэлтийн хамт тодорхойлж баталж, хэрэгжүүлэх хуультай. Хамгийн чухал нь эдгээр бичиг баримтын уялдаа. Мөн хөгжлийн хөтөлбөрийн бүрдэлд багтах 3 хавсралт бий. Эдгээрийн уялдаа, хүрэх түвшинг үнэлж болохуйц, тоо нэгжээр хэмжигдэх боломжтой тодорхой тусгах ёстой. Гэвч таван жилийн хөгжлийн төлөвлөгөө болон урт хугацааны зорилттой нийцэж байгаа гэсэн барим тавим хэдэн үгээр тодорхойлсон зүйлс олон орж ирдэг. Тэгээд батлах хуулийн хугацаатай, цаг шахуу болохоор шүүсийг нь дөмөгхөн шахаж чадалгүй батлаад явуулдаг. Энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл, төсвийн хүрээний мэдэгдэлд ч ийм байдал ажиглагдаж байна. Юуг хэрхэн хэмжих, аль шалгуур үзүүлэлтийг барьж дүгнэх нь тодорхойгүй зүйлс байна. Макро эдийн засгийн түвшинд хүний хөгжил, ядуурлын эсрэг үйл ажиллагаанууд байгаа ч шалгуур үзүүлэлт нь шаардлага хангахгүй байна гэдгийг гишүүд шүүмжлээд байгаа юм. Засгийн газраас Дэлхийн улс орнуудын хамтын хөгжлийн зорилго болсон НҮБ-аас санаачилсан Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдууллаа гэж байгаа ч парламентад энэ асуудлыг хариуцсан дэд хорооны дарга нь ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

Засгийн газар ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө өргөн мэдүүлэхдээ 2026 онд  дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хадгалж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 8090 ам.долларт хүргэж, ядуурлын түвшнийг таван хувиар бууруулна гэсэн зорилт тавиад төсөл арга хэмжээнүүдээ жагсааж. Энд бичигдсэн ажил бүхний зорилго, зорилт тодорхой, үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг тооцож боловсруулсан байх хуультай. Гэвч үүнийг нэр төдий хийж байгаа нь өөрөө төрийн ажлыг тодорхойгүй байдалд аваачиж буйг хэлэх гишүүд ч олон байна.

Төлөвлөлтийн бичиг баримтын төслийг боловсруулах шатанд бүх яам холбогдох мэдээллээ ЭЗХЯ-нд өгч байгаа. ЭЗХЯ бусад яамныхаа толгойг илэлгүй тодорхой бус шалгуур үзүүлэлттэй зорилтуудыг зоригтой буцаах ёстой гэж зарим гишүүн үзэж байна. “Хөгжлийн төлөвлөгөөний гуравдугаар хавсралтын 42 хувь нь суурь түвшин, шалгуур үзүүлэлтгүй. Шалгуур үзүүлэлтгүй, зорилтот түвшингүй, суурь түвшингүй ажлуудад татвар төлөгчдийн мөнгийг өгвөл 100 төгрөг тутмын 42-ыг үр ашиггүй зарцуулах эрсдэлтэй” гэсэн тооцоог Г.Лувсанжамц гишүүн хийжээ.

Улсын хөгжлийн төлөвлөлтөд бүх ажлын дарааллыг санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан, тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эрэмбэлсэн байхыг шаарддаг. Түүнчлэн нийгмийн шинжтэй ажлуудад ч суурь түвшинтэй хүрэх зорилт шалгуур үзүүлэлт тодорхой байх ёстой. Энэ удаа ялангуяа ГХЯ, БХЯ зэрэг хэд хэдэн яамны төсөв зарцуулах зарим ажил тодорхойгүй байдалтай байгааг гишүүд шүүмжилжээ. Засгийн газар төслөө боловсруулаад өргөн барьдаг, УИХ хуулийн хугацаанд баригдаад батлаад, ер нь урсгалаараа явдаг энэ байдлыг эрс өөрчилж ажил хэрэгчээр хандах ёстой гэж үзэж байна. Засгийн газар ирэх жил төсвийн реформоо гүнзгийрүүлэхээр хэд хэдэн арга хэмжээ төлөвлөсөн. Ингэхдээ гол эрсдэл болох түүхий эдийн ханшийг харьцангуй даруухнаар төсөөлсөн нь сайн хэрэг. Гэхдээ нэн тэргүүнд хийх ажил бүхэн нь суурь үзүүлэлт, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалт, зураг төсөв гээд ойлгомжтой байхгүй бол төр өөрөө нэг тодорхойгүй “ийм, ийм ажил хийнэ” гэж зорилго дэвшүүлдэг л газар болно шүү гэдгийг олон хүн сануулсаар байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл