
Нью-Йорк хот дахь Колумбиа Их сургуулийн удирдлага АНУ-ын цагаачлалын хяналтын албаныхан сургуулийн дотуур байрны нэг барилгад нэвтрэхийн тулд “буруу ташаа мэдээлэл өгсөн” гэж мэдэгдсэнийхээ дараа шүүмжлэл өрнөв.
Их сургуулийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч Клэйр Шипманы мэдэгдэлд дурдсанаар, Дотоодын аюулгүй байдлын яамны ажилтнууд пүрэв гараг(2026.02.26)-ийн өглөөний 06:30 цагт барилгад нэвтэрчээ.
“Бидний ойлгосноор холбооны ажилтнууд “алга болсон хүн”-ийг хайж байна гэж барилгад нэвтрэхийн тулд буруу ташаа мэдээлэл өгсөн” гэж Шипман хэлсэн байна. Тэрээр мөн “их сургуулийн нийтэд хаалттай бүс болох дотуур байр, анги танхим болон үнэмлэхийн картаар нэвтрэх хэсгүүдэд хууль сахиулах байгууллагын ажилтнууд заавал шүүхийн зөвшөөрөл эсвэл шүүхийн зарлан дуудах бичигтэй нэвтрэх ёстой” гэв.
Энэ нь Дотоодын аюулгүй байдлын яам шүүхийн зөвшөөрөлгүйгээр бичиг баримтгүй цагаачдыг шалгаж буйн нотолгоо юм. Иргэний нийгмийн байгууллагууд уг аргыг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байна гэж шүүмжилжээ.
Их сургуулийн мэдэгдэлд баривчлагдсан оюутны нэрийг дурдаагүй боловч сургуулийн оюутны сонин болох Columbia Spectator-т нейрошинжлэх ухааны судлаач Элли Агхаева бай болсон гэж мэдээлсэн байна.
Орон нутгийн цагаар 15:18-д Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани ерөнхийлөгч Трамптай энэ асуудлаар ярилцсанаа мэдэгдэв. “Би Колумбын их сургуулийн оюутан Элайна Агхаевагийн талаар санаа зовниж буйгаа хуваалцсан. Ерөнхийлөгч саяхан надад түүнийг тун удахгүй суллана гэж мэдэгдлээ” гэж Мамдани мэдэгджээ.
Удалгүй Агхаева Instagram хуудастаа “Би аюулгүй, зүгээр байгаа. Гэртээ харьж явна” гэж нийтэлсэн байна.
Цагаачлал, гаалийн алба (ICE) Агхаеваг өмнө нь баривчилсныг АНУ-ын хэд хэдэн хэвлэлд баталсан ч нэмэлт мэдээлэл өгөөгүй. NBC News-д өгсөн мэдэгдэлдээ түүний оюутны виз 2016 онд “хичээлдээ суухгүй байсан” шалтгаанаар цуцлагдсан гэжээ. Мөн “барилгын менежер болон өрөөний хамтрагч нь ажилтнуудыг дотогш оруулсан” гэж мэдэгдсэн байна.
Пүрэв гарагт кампуст жагсаал болж, 2024 онд Палестиныг дэмжсэн олны жагсаал болсон газарт дахин эсэргүүцэл өрнөжээ.
Олноор нь албадан гаргах бодлого
Оюутны чат бүлэгт Агхаева “Дотоодын аюулгүй байдлын яам намайг хууль бусаар баривчиллаа. Туслаач” хэмээн бичсэн гэж Columbia Spectator мэдээлжээ.
Трампын засаг захиргаа 2025 оны нэгдүгээр сард Палестиныг дэмжсэн үйл ажиллагаанд оролцсон Колумбын хэд хэдэн оюутныг онилсон бөгөөд тэдний дунд АНУ-ын байнгын оршин суугч Махмуд Халил, Мохсен Махдави нар багтжээ. Зургадугаар сард Колумбын их сургууль Трампын засаг захиргаанаас 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг нь царцаах мэдэгдэл ирсний дараа тохиролцоонд хүрсэн. Шүүмжлэгчид уг хэлэлцээрийг академик эрх чөлөөнд халдсан, Палестиныг дэмжсэн жагсаалыг еврейчүүдийн эсрэг үзэлтэй адилтгасан бодлогыг далдуур дэмжсэн гэж үзжээ.
Нью-Йорк мужийн захирагч Кати Хокул Цагаачлал, гаалийн албаны үйлдлийг буруушаасан байна. Төлөөлөгч Жерри Надлер Цагаачлал, гаалийн алба “оюутнуудыг гэрээс нь хүчээр авч явж, хөршүүдийг айлган сүрдүүлж байна” хэмээн буруутгасан байна.