
Оросын сөрөг хүчний “Mediazona” болон “Meduza” хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сарын эцсийн байдлаар Оросын Статистикийн алба буюу “Росстат”-аас 490 мянган цэрэг амь үрэгдсэнийг бүртгэн баталгаажуулсан байна.
Гэвч нас баралтын мэдээлэл бүртгэгдэхэд гардаг хугацааны хоцрогдлыг тооцож, байлдааны ажиллагааны үеэр сураггүй болсон гэж бүртгэгдсэн, нас барсан байх магадлал өндөртэй цэргүүдийг нэмж тооцвол дайны эхэлснээс хойш амиа алдсан Оросын цэргийн тоо 720 мянгаас давжээ.
Энэ бол 1980-аад оны Зөвлөлт-Афганистаны дайн болон 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн Чечений хоёр дайнд Оросын алдсан хүний тооноос давсан асар их үзүүлэлт юм. Кремль энэ тоог олон жилийн турш нууцлахыг хичээж ирсэн билээ.
“Росстат” дайнд амиа алдсан хүний тоо нэмэгдэж байгааг нуун дарагдуулахын тулд 2025 онд хүн ам зүйн мэдээлэл нийтлэхээ зогсоосон байна. Харин “Mediazona”, “Meduza” болон бусад хэвлэл энэ сарын эхээр Украиныг дэмжигч “Cyber Partisans of Belarus”, “Silent Crow” хэмээх хоёр хакерын бүлэг “Росстат”-ын серверт нэвтэрсний дараа төрийн байгууллагын нууц мэдээллийг олж авчээ.
Тус хоёр хэвлэл Оросын цэргийн хохирлын тоог удаан хугацаанд бүртгэж ирсэн бөгөөд голчлон өв залгамжлалын баримт бичиг, нас барсны зар, олон нийтэд нээлттэй бусад мэдээлэлд тулгуурладаг байв. Харин “Росстат”-аас задруулсан мэдээлэл эдгээр хэвлэлд даатгалын хураамж, эрсдэлийг тооцоход мэргэжилтнүүдийн ашигладаг аргачлал, тооцооллыг хэрэглэх боломж олгожээ.
Сэтгүүлчид нас барсан өдөр болон нас барсныг бүртгэсэн өдрийн хоорондох зөрүүг шинжилж, эдгээр мэдээллийг ар гэрийнхнийх нь нийтэлсэн эрэн сурвалжлах заруудтай харьцуулснаар нас барсан боловч хараахан бүртгэгдээгүй хүмүүсийн тоог ойролцоогоор 230 мянга гэж тооцоолсон байна.
“Mediazona” 2023 оноос хойш ар гэрийнхэн нь сураггүй болсон гэж мэдээлсэн цэргүүдийн тоог бүртгэж иржээ. Тус мэдээллийн санд 160 мянган хүний нэр бүртгэгджээ. Харамсалтай нь тэд бараг бүгд нь амиа алдсан байх магадлалтай.
“Silent Crow” бүлгийн хуваалцсан мэдээллээс үзэхэд, бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Орост нас баралтын дөрөв дэх түгээмэл шалтгаан нь дайн болсон байна. Үүнээс өмнө зүрхний өвчин, Ковид-19, тархины цус харвалт болон судасны бусад өвчин бичигджээ.
Мөн Оросын цэргийн хохирол улс даяар жигд тархаагүй, харин ядуу буурай бүс нутаг болон үндэстний цөөнхүүдийн дунд амь үрэгдэгсдийн хувь мэдэгдэхүйц өндөр байгааг удаан хугацаанд таамаглаж ирснийг задруулсан мэдээлэл бататгажээ.
Түүнчлэн дээрх мэдээллийг олж авсан судалгааны байгууллага болох NEST төвийн дүн шинжилгээгээр Орос улс гадаадын иргэдийг цэрэгт элсүүлж буй цар хүрээ ил болжээ. Украины дайнд амиа алдсан гадаадын иргэдийн 6947 бүртгэлийг илрүүлсний дийлэнх нь Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргизстан, Туркменистан зэрэг Төв Азийн орнуудын иргэд байжээ.