
Цаг агаарын таагүй нөхцөл байдал хэрэглэгчдийн зардалд сөргөөр нөлөөлснөөр Японы эдийн засаг сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа агшлаа. Энэ нь дотоодын эрэлт хэр эмзэг байгааг харуулж байна.
Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даваа гарагт гаргасан тайланд дурдсанаар, тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гуравдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад жилийн өсөлтийн хурдаар тооцоход 0.1 хувиар буурчээ. Энэ нь эдийн засагчдын дунджаар таамагласан 0.2 хувийн өсөлтөөс доогуур үзүүлэлт юм.
Японы эдийн засаг долоодугаар сараас есдүгээр сарын хооронд гэнэтийн байдлаар агшсан нь амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхүүд төсвөө танаж, хэрэглээний зардлаа бууруулсантай холбоотой. Албан ёсны мэдээллээр, ДНБ улирал хооронд жилийн өсөлтийн хурдаар тооцоход 0.1 хувиар буурчээ. Харин “Ройтерс” агентлагийн эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаар зах зээл 0.3 хувийн өсөлт хүлээж байсан бол өмнөх улирлын өсөлтийг 1.7 хувь болгон шинэчлэн тооцсон байна.
Улирлын өөрчлөлтөөр тооцвол эдийн засаг 0.02 хувиар буурсан байна. Харин зах зээлийн дундаж таамаг 0.1 хувийн өсөлттэй байжээ. Эдийн засгийн гарцын талаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ 0.3 хувиар буурсан нь зах зээлийн 0.2 хувийн бууралтын таамгаас илүү үзүүлэлт байв.
Үнийн дарамт үргэлжилж, улирлын хугацаанд аадар бороо, хар салхи зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдал нүүрлэсэн нь өрхүүдийн хэрэглээг бууруулжээ. Мөн өмнөх улиралд татвар, зохицуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан түр хугацаанд өссөн автомашин болон агааржуулагчийн эрэлт буурсан.
“Хэрэглээ сул хэвээр байгаа ч энэ нь гол төлөв үнийн өсөлтийн үр дагавар юм. Энэ нь Японы Төв банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатайг улам бататгаж байна” гэж “Мэйжи Ясуда” судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Казутака Маэда хэлжээ.
Японы Эдийн засгийн судалгааны төвөөс 37 эдийн засагчийн дунд сар бүр явуулдаг санал асуулгаар тус улсын эдийн засаг 2026 оны санхүүгийн жилд 0.89 хувь, 2027 оны санхүүгийн жилд 1.02 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь эдийн засагчид өсөлтийг бага боловч тогтвортой үргэлжилнэ гэж үзэж байгааг илтгэж буй.
Японы эдийн засгийн урт хугацааны сорилтууд ч анхаарлын төвд хэвээр байна. Олон улсын валютын сангийн таамаглалаар, Япон улс 2027 онд нэрлэсэн ДНБ-ий хэмжээгээр дэлхийн зургаа дахь том эдийн засаг болж, Энэтхэг болон Их Британид байр сууриа алдах төлөвтэй. Одоогоор Япон улс Германы дараа дэлхийн дөрөв дэх том эдийн засагт тооцогдож байгаа билээ.