Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо.
“Мөнхөд гэрэлтэх Монгол” нээлтийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажилласан юм. Тэрээр энэ жил тав дахь удаагаа Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг найруулан ард түмэндээ хүргэлээ. Энэ жилийн нээлтийн тоглолтод алдартч эхчүүд хүүхдүүдийн хамтаар оролцлоо. Мөн Шинэ Монгол сургуулийн 200 хүүхдээс гадна морин хуурч 300 хүүхэд багтсан юм.
Н.Наранбаатар: Дэлхийд цорын ганц эрийн гурван наадмаараа, үндэсний их баяр наадмаараа бид бахархаж байна. Баяр наадмын нээлтийн арга хэмжээнд ажилласан бүх уран бүтээлч нартаа баярын мэнд хүргэж байна. Мөнхөд гэрэлтэх эх орон. Эх орноо сэтгэлдээ тээхийн тулд эцэг, эхээ энэрч байх аваас мөнхөд гэрэлтэж чаднаа гэсэн санааг хэлж байгаа юм. Ер нь бол эх оронч үзлийн тухай ярихын тулд ирээдүйн төлөө санаа зовох цаг болжээ. Монгол түмэндээ ирээдүйд туулах тэр сайхан гэрэлтсэн замыг бэлдэж өгөх цаг болжээ гэдгийг харуулж байна. Монголын ирээдүйн залуусыг мөнхөд гэрэлтэй залуу яваасай гэж бэлэгдлийг оруулсан байгаа. Морь нь хурдан, сум нь мэргэн, бөх нь хүчтэй байгаасай. Та бүхэн минь сайхан наадаарай.



