
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Азид айлчилна. Тэрээр завсрын сонгуульд Бүгд найрамдах нам хүнд ялагдал хүлээсэн, мөн Хятадын тагнуултай холбоотой гэх дуулиан дэгдсэн хүнд нөхцөлд айлчлалаа эхлүүлэх гэж байгаа нь БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийх ээлжит нүүр тулсан уулзалтын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.
Трамп эхлээд мягмар гарагт Манила хотод зочилж, Зүүн Өмнөд Азийн орнууд болон бүс нутгийн бусад орны удирдагчидтай уулзана. Үүний дараа Шэньжэнь хотыг зорьж, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) чуулга уулзалтад оролцох юм. Тэрээр энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана. Үүнээс гадна Ши болон ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй гурван талт хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
АНУ, Хятадын хоорондын худалдааны дайны эвлэрлийг ирэх оны эхэн хүртэл сунгаж, Трамп, Ши нарын дараагийн уулзалтыг арванхоёрдугаар сард Майамид болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр товлосон тул зарим шинжээч Шэньжэний уулзалтыг эхэндээ төдийлөн өндөр ач холбогдолгүй гэж үзэж байв. Гэвч энэ сард болсон завсрын сонгуулиар Трампын Бүгд найрамдах намд сонгогчдын эсэргүүцэл хүчтэй илэрсэн. Мөн Трамптай ойр харилцаатай Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг Хятадын тагнуул байж болзошгүй эмэгтэйтэй дотно харилцаатай байсан гэх мэдээлэлтэй холбоотой тагнуулын мэдээлэлд түүний засаг захиргаа арга хэмжээ аваагүй хэмээн шүүмжлэх болсон нь уулзалтын талаарх хүлээлтийг өөрчилжээ.
Хятадын шинжээчид Nvidia-тай холбоотой дуулиан, тэр дундаа экспортын хязгаарлалтад багтсан хагас дамжуулагч чипүүд Хятадын хэрэглэгчдэд очсон байж болзошгүй гэх мэдээлэл АНУ-ын Хятадад хандах хандлагыг улам хатууруулах вий гэж онцгойлон болгоомжилж байна. Харин Хятад улс АНУ технологийн бүслэлтээ зөвтгөхийн тулд тагнуулын талаарх уг мэдээллийг зохиомлоор дэвэргэж байна гэж мэдэгджээ.
Ши Жиньпин, Владимир Путин нартай хийх урьд өмнө байгаагүй гурван талт уулзалт цөмийн зэвсгийн хяналтын талаар тохиролцоонд хүрэх эхлэл болж магадгүй гэж Трамп үзэж байна. Гэвч бусад хоёр улстай харьцуулахад цөмийн цэнэгт хошууны тоо үлэмж цөөн Хятадын хувьд ийм хэлэлцээр эхлүүлэх боломжгүй гэж тус улсын шинжээчид үзжээ.
Гурван талт уулзалт хийх санал ОХУ-д ялангуяа 1945 оны Ялтын бага хуралтай харьцуулагдах болсон. Тухайн үед АНУ, Их Британи, ЗХУ-ын удирдагчид нөлөөний хүрээгээ тогтоож, Дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмын үндэс суурийг тавьсан юм. Түүнчлэн уг бага хурал нь их гүрнүүд жижиг улсуудад өөрсдийн тохиролцоог тулган хүлээлгэдэг байдлын бэлгэдэл болон үлджээ.
Ийм өнцгөөс харах нь ОХУ-тай дөрвөн жил үргэлжилж буй дайнд оролцож байгаа Украины хувьд онцгой түгшүүр төрүүлэхүйц юм. АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр, Трамп энэ уулзалтын үеэр Украины асуудлыг хөндөхгүй байх магадлал өндөр гэнэ.
Ши Жиньпин мөн сонгуулиар хүнд цохилт авсан Трампын улс төрийн сул талыг ашиглахыг оролдож болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Бээжингийн нэн тэргүүний зорилго бол АНУ-ын Ерөнхийлөгч Тайваньд зориулсан 14 тэрбум ам.долларын зэвсгийн багцыг батлахгүй байх явдал. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Трамп уг зэвсгийн нийлүүлэлтийг Хятадтай хийх хэлэлцээнд ашиглах “наймааны хөзөр” болгон түр хойшлуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Гэвч Хятадын экспортын салбар эрчимтэй өсөж байгаа энэ үед Бээжингийн хувьд зүгээр л цаг хожих нь хангалттай байж болно гэж АНУ-д төвтэй “Брукингсийн хүрээлэн”-гийн гадаад бодлогын шинжээч Жонатан Цзин хэлжээ.