
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын эрэгт Зүрх хайрхны тахилга өнөөдөр боллоо.
Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зүрх хайрхныг төрийн тахилгат хайрхны нэг болгосон билээ. Энэхүү түүхэн үйл явдлын хүрээнд зохион байгуулсан төрийн тахилга ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, Хан Хэнтий нутгийн иргэд, ахмад буурлууд оролцож, өвөг дээдсийн түүх, уламжлал, байгаль дэлхийгээ дээдлэх монгол ёс заншлаа хүндэтгэн ёслолоо.
Төрийн тахилга нь Монголын төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх, байгаль дэлхий, уул усныхаа онгон дагшин байдлыг хамгаалах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хан Хэнтий нутгийн түүх, өв соёлын үнэт өв болсон Зүрх хайрхан ийнхүү төрийн тахилгат хайрхан хэмээх эрхэм хүндтэй статустай болж, монголчуудын төрт ёс, түүхэн уламжлалын бэлгэ тэмдэг болон үеийн үед дээдлэгдэх түүхэн үйл явдал боллоо.
Хар Зүрхний Хөх нуурын эрэг дэх нутаг нь Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөн, Чингис хаан буюу Далай их хаан цол хүртээсэн түүхэн газар хэмээн тэмдэглэсэн байдаг.

