Монгол–Японы сургалтын эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр тус эмнэлэгт зочилж, захирал П.Баясгалантай уулзлаа.
К.Шинохара нь 2009 оноос Монгол Улсад анагаахын их сургуулийн сургалтын эмнэлэг байгуулах санаачилгатай холбогдож, төслийг хэрэгжүүлэхэд Японы талын дэмжлэгийг татах чиглэлээр ажиллажээ.

Тэрээр Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, уг төслийн нөхцөл байдалтай танилцсаны дараа Японы төр, бизнесийн хүрээнд төслийн ач холбогдлыг таниулж дэмжлэг авахад хувь нэмэр оруулсан байна.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол–Японы сургалтын эмнэлэг 2019 онд ашиглалтад орсон. Энэхүү бүтээн байгуулалт бодит ажил хэрэг болсонд баяртай байсан К.Шинохара тус эмнэлгийн нээлтийг тохиолдуулан АШУҮИС-ийн санаачилгаар эмнэлгийн өмнө босгосон дурсгалын хөшөөг санхүүжүүлжээ.
Түүнчлэн К.Шинохара нь Монголын хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих зорилгоор дуран авай болон бусад хэрэгцээт зүйлс хандивлах зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхи санаачлагатай хийж ирсэн байна.
Ийнхүү Монгол–Японы эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, К.Шинохараг 2019 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хүндэт профессор цолоор, 2026 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд К.Шинохара эмнэлгийн удирдлагатай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.