ОХУ Европын орнуудтай харилцаагаа сэргээхэд чиглэсэн аливаа алхмыг дэмжинэ гэж Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагийн орой мэдэгдээд, аливаа мөргөлдөөн дэгдсэн тохиолдолд ялагчгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг онцолжээ.
Энэ долоо хоногт Норвеги, Финландын удирдагчидтай утсаар ярьсан тухайгаа тайлбарлахдаа Путин Орос улс Европтой хийж болзошгүй дайнд бэлэн байгаа ч ийм зүйлийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрбээр “Бид бэлэн. Гэхдээ Европтой дайн хийхийг хүсэхгүй. Хэрэв хэн нэгэн дайн хүсэж байгаа бол бэлтгэлээ хангаг. Гэвч одоогоор тэд Орост стратегийн ялагдал хүлээлгэх зорилгодоо хүрээгүй байна. Хэрэв нөхцөл байдал хэт хурцадвал огт ялагч гарахгүй. Үүнийг хэн ч мартаж болохгүй” гэжээ.
Мөн Орос улс Балтын тэнгис дэх усан тээврийн хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд, харилцаа холбоог хязгаарлах нь хоёрдугаар сард АНУ-Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш Ормузын хоолойд үүссэнтэй төстэй нөхцөл байдалд хүргэж болзошгүйг анхааруулжээ. “Персийн булан эсвэл Ормузын хоолойд үүссэнтэй адил нөхцөл байдлыг Балтын тэнгист бий болгохыг хэн нэгэн хүсэж байна уу? Би мэдэхгүй. Бид тийм нөхцөл байдлыг хүсэхгүй байгаа ч аливаа сорилтод хариу арга хэмжээ авна” гэж Путин хэлсэн байна.