
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө. Тэрбээр "Эмтэй холбоотой олон шүүмжлэл ирдэг. Нэгдүгээрт эмийн чанар. Зарим иргэд Монголд байгаа антибиотик уугаад эдгэрэхгүй, солонгос антибиотик уугаад эдгэрсэн гэж ярьдаг. Хоёрдугаарт үнэ. Энэ журам батлагдсанаар хэд хэдэн бүлэг эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах боломжтой. Тухайлбал түгээмэл хэрэглэдэг эм буюу даралтын эм, антибиотик зэрэг.
Нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн буюу адреналин тариа, дархлаа давамгайлах эм зэрэг. Мөн өндөр зардалтай эмүүд буюу хавдрын бай эмчилгээний эм, чихрийн шижингийн инсулин зэрэг багтана.
Түүнчлэн тасалдах эрсдэлтэй эм буюу уналт таталтын эм зэргийг бөөнөөр нь худалдаж авах боломжтой болно.
Нэг эх үүсвэрийн худалдан авалтын дүнд тодорхой хэмжээнд улсын төсвийн хэмнэлт гарна. Хоёрдугаарт эмийн чанарын баталгаа өгнө. Уг журамд ДЭМБ-ын хатуу зохицуулалттай улсуудаас худалдаж авна гэж заасан" гэсэн мэдээлэл өглөө.