Европ тивийн орнуудад цаг агаарын хэт халалт үргэлжилсээр байна. Ихэнх нутагт агаарын температур цельсийн 40 хэм хүрч байна.
Испани улсад хамгийн халуун байна. Тус улсад өнгөрсөн долоо хоногт агаарын температур цельсийн 46 хэмд хүрсэн. Энэ долоо хоногт хэт халуун байгаагаас ойн түймэр газар авсан байна.
Европ тив даяар хэт халууны улмаас зургаан иргэн нас баржээ. Испанийн Каталониад Коско суурингийн орчимд түймэр ассан. Энэ түймэрт өртөж фермийн аж ахуй эрхэлдэг хоёр хүн амиа алдсан байна. Испанид ассан ойн түймэр одоогоор 6,500 га талбайг хамраад байна.
Мөн Итали улсад Сардиниа арал дээр хоёр эрэгтэй хэт халуунд биеийн байдал нь муудаж, улмаар зүрх нь хаагдаж нас барсан тохиолдол гарчээ. Францын нийслэл Парис хотын аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэг Версалийн ордонтой танилцаж байсан 10 настай америк жуулчин охин гэнэт ухаан алдаж, удалгүй амьсгал хураасан байна.
Францын эрх баригчдын мэдээлснээр хэт халууны үеэр 300 гаруй иргэн эрүүл мэндийн яаралтай тусламж авчээ.
Испаниас гадна Их Британийн бүрэлдэхүүн Англид мөн халж байна. Англид өнгөрсөн зургаадугаар сард бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн халуун сар болон бүртгэгджээ. Харин Франц улсад 1900 оноос хойш хоёр дахь халуун зургаадугаар сар болжээ. Тус улсад хамгийн халуун сар 2023 онд тохиож байсан байна.
Хэт халууны үеэр Европын эрх баригчид ард иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд халууны цагаар гадагш гарахгүй байхыг, мөн ойн түймрийн эрсдэлтэй бүсэд байрлахгүй байхыг сануулсаар байна. Европын орнуудад халуунтай тэмцэхийн тулд үнэгүй ус тарааж, агаар сэрүүцүүлэгчтэй байршлуудыг нээж, усан сангуудыг үнэ төлбөргүй болгож байна.