
Ираны довтолгооны улмаас АНЭУ-ын Дубайн боомтод зогсож байсан Кувейтийн томоохон нефть тээвэрлэгч танкер халдлагад өртсөн тухай Кувейтийн төрийн өмчит Kuwait Petroleum Corporation мэдэгдлээ.
Тус компанийн мэдээлснээр “Ал Салми” нэртэй танкер халдлагад өртөх үедээ бүрэн ачаатай байжээ. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл байхгүй ч ойролцоох усанд нефть асгарах эрсдэл үүссэн гэж анхааруулжээ. Хөлөг онгоцонд учирсан хохирлыг үнэлэх ажиллагаа үргэлжилж байна.
Энэ үйл явдал нь АНУ болон Израил улс Ираны эсрэг агаарын цохилт хийж эхэлснээс хойш нэг сарын хугацаанд бүс нутгийн хурцадмал байдал эрс нэмэгдэж байгаагийн илрэл болж байна. Одоогийн байдлаар есөн улсыг хамарсан мөргөлдөөний улмаас мянга мянган хүн амиа алдаж, эдийн засагт өдөр бүр их хэмжээний хохирол учирч байна.
Иран улс Саудын Араб болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд болох Кувейт, Бахрейн, Катар, АНЭУ, Оман руу дрон болон пуужингийн довтолгоо хийсэн байна. Гэсэн хэдий ч эдгээр орнууд одоогоор Техранд цэргийн хариу арга хэмжээ аваагүй байна.
Пакистаны армийн ахмад генерал асан Мухаммад Саид хэлэхдээ, “Саудын Араб маш тэвчээртэй хандаж байна. Хэрэв Саудын Араб цэргийн хариу өгвөл энэ нь зөвхөн нэг улс биш, бүс нутаг бүхэлдээ дайнд татагдан орно” гэж анхааруулжээ.
2025 онд Саудын Араб Пакистантай харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан бөгөөд Пакистаны Ерөнхий сайд Исламабад хотод болсон уулзалтын үеэр Саудын талд талархал илэрхийлж, “Пакистан улс Саудын Арабын талд үргэлж зогсоно” гэж мэдэгдсэн байна.
Шинжээчид хэрэв Иран–Саудын харилцаа хурцадвал цөмийн зэвсэгтэй Пакистан ч дайнд татагдан орох эрсдэлтэй гэж үзэж байна.
Вашингтонд төвтэй Ойрх Дорнодын бодлогын зөвлөлийн шинжээч Камран Бохари “Ираны хувьд стратегийн орчинд хамгийн бага асуудалтай харилцаа нь Пакистантай байна. Өөр сувгууд бараг байхгүй” гэж хэлжээ.
Пакистан, Турк, Саудын Араб, Египетийн дипломатчид Исламабад хотод уулзаж, хямралыг намжаах хэлэлцээ хийсэн байна. Пакистаны Шадар сайд Ишак Дар АНУ–Ираны хэлэлцээг Пакистан улсад зохион байгуулах боломжийг судалж байгаа гэж мэдэгдсэн байна.
Тэрээр мөн Ван И-тэй утсаар ярьсан тухай дурдаж БНХАУ Пакистаны санаачилгыг дэмжиж байгаа гэжээ.
Гэсэн хэдий ч Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаеи Иран улс Пакистанаас зохион байгуулж буй уулзалтуудад оролцоогүй гэж мэдэгдэж, одоогийн нөхцөлд “бүх хүчин чадлаа өөрийгөө хамгаалахад чиглүүлж байна” гэж онцолсон байна.
Үүний зэрэгцээ Йемен дэх Ираны дэмжлэгтэй Хуситууд Израил руу пуужин харваж, мөргөлдөөн улам өргөжих шинжтэй байна. АНУ мөн Ойрх Дорнод руу мянга мянган цэрэг илгээж, хуурай замын ажиллагаа эхлэх магадлалыг нэмэгдүүлжээ.
Нөхцөл байдал маш тогтворгүй, аюултай хэвээр байгаа бөгөөд талууд нэгэн зэрэг ялалтаа зарлаж байгаа ч харилцан довтолгоо үргэлжилсээр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ мөргөлдөөн илүү өргөжин тэлэх бодит эрсдэлтэй хэвээр байна.