
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Ул байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ үеэр гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяаг Ардын жүжигчин цолоор шагнав. Тэрээр "Миний хувьд 40 жилийн турш бор зүрхээрээ чөлөөт уран бүтээлчээр уран бүтээлээ туурвиж ирлээ. Энэ хугацаанд эх ороноо долоон удаа тойрсон байна. Мөн гадаадад амьдарч буй монголчууддаа олон удаа ая дуугаа өргөсөн.
40 жилдээ зориулсан тоглолтоосоо хойш нэг сарын дараа Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг авлаа. Манай төр засаг, яам энэ хүнд хэзээ шагнал өгөх ёстой вэ гэдгийг маш сайн судалдаг нь тодорхой болж байна. 2005 оны зургаадугаар сарын 22-нд гавьяат жүжигчин болж байлаа. Түүнээс хойш 21 жилийн дараа, 56 насандаа Ардын жүжигчин болж байна.
16-хан настайгаасаа дуулж эхэлсэн. Амьдралынхаа тэн хагасыг урлагт зориулж дуулсан байна. Миний Монголын ард түмэн үргэлж Сараагаа дэмжиж, урам хайрлаж, санхүүжүүлж байдаг үзэгч, сонсогч түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Намайг сайхан уран бүтээлээр хөглөж байдаг яруу найраг, хөгжмийн зохиолч, продюссер, рок попын хамт олондоо талархаж байна. Биднийг үргэлж ивээн тэтгэж байдаг спонссор байгууллагууддаа, төрдөө, Ерөнхийлөгчдөө талархаж байна. Энэ бол зөвхөн миний шагнал биш. Миний урлагийн хамт олны шагнал. Би ганцаараа 40 жил дуулаагүй. Бид бүгдээрээ хамт явсан. Цаашдаа ч хамтдаа хөгжих болно" гэв.