
Өнөөдөр дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр “цусгүй дайн” өрнөж байна. Ялангуяа өндөр ур чадвар шаардсан оюуны хөдөлмөрийн салбарт өрсөлдөөн эрс ширүүсэж, нэг орон тоонд олон арван мэргэжилтэн өрсөлдөх болжээ.
Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-ын “Future of Jobs 2023” тайланд дурдсанаар, 2030 он хүртэлх хугацаанд хиймэл оюун ухаан (AI) болон автоматжуулалтын нөлөөгөөр дэлхий даяар 83 сая ажлын байр шахагдаж, оронд нь 69 сая шинэ ажлын байр бий болохоор байна. Энэхүү 14 сая ажлын байрны “алдагдал” нь ажил горилогчдод ердийн мэдлэгээс гадна хиймэл оюун ухаантай хослон ажиллаж, түүнээс илүү үнэ цэн бүтээх чадварыг нотлох хатуу шаардлагыг тулгаад буй.
2025 онд АНУ-д нэг жилийн хугацаанд нийт нэг сая орчим ажлын байрны цомхотгол хийсэн нь цар тахлын дараах үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг судалдаг “Challenger”, “Gray & Christmas” байгууллагын мэдээлснээр, уг чиг хандлага 2026 онд ч үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Үүний нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлд ажил горилогчдын дарамт огцом нэмэгдэж, нэг сул орон тоонд ирэх өргөдлийн тоо 2022 онтой харьцуулахад дунджаар хоёр дахин өсөх төлөвтэй байгаа юм. Тэгвэл энэхүү чиг хандлага нь зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй.
Дэлхийн хөдөлмөрийн зах зээл алсын зайн ажлын хэв маягт шилжсэнээр газарзүйн хил хязгаараас үл хамаарч компаниуд “хамгийн ойр хүн”-ийг бус “хамгийн чадвартай хүн”-ийг сонгох болсон нь өрсөлдөөнийг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэв.
Үүний нөлөөгөөр Европын холбоо, Зүүн Азийн орнууд, тэр дундаа технологи, санхүү, зөвлөх үйлчилгээ, креатив эдийн засгийн салбарт нэг ажлын байранд олон улсын мэргэжилтнүүд нэгэн зэрэг өрсөлдөх үзэгдэл түгээмэл болоод байна.
Дэлхий даяар ажил хайгчдын өрсөлдөөн ийнхүү оргилдоо хүрсэн нь хэд хэдэн суурь шалтгаантай. Тэдгээрийн үндсэн шалтгаан нь технологийн дэвшил, тэр дундаа хиймэл оюун ухааныг бизнесийн үндсэн процессод бүрэн шингээж эхэлсэн явдал юм. “Gartner”-ийн 2026 оны судалгаагаар томоохон аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь нь хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж эхэлжээ. Үр дүнд нь өмнө нь 10 хүний хүч шаарддаг байсан ажлыг хиймэл оюуны тусламжтайгаар 2-3 хүн гүйцэтгэх боломж бүрдэж буй. Улмаар байгууллагууд илүү олон ажилтан авах бус цөөн боловч өндөр бүтээмжтэй баг бүрдүүлэх чиг хандлагад шилжих болжээ. Үүний зэрэгцээ энэхүү шилжилт нь давтагддаг, орлуулах боломжтой “дунд түвшний” ажлуудыг аажмаар зах зээлээс шахаж байгаа бол асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ, системтэй ажиллах чадвар шаардсан ажлын байруудын өрсөлдөөнийг улам бүр нэмэгдүүлж буй. Ийнхүү дэлхийн зах зээл дээр мэргэжилтнүүд нэг “сандлын” төлөө глобал хэмжээнд улайран өрсөлдөж байхад Монголын хөдөлмөрийн зах зээл эсрэг зүг рүү чиглэж байна.
Монгол Улсад 2035 он гэхэд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын ойролцоогоор 43 хувийг эзлэх төлөвтэй байгаа юм. Энэ нь ирээдүйд асар том “хүний нөөцийн давуу тал” мэт харагдавч бодит байдал дээр эсрэг зүг рүү чиглэж буй. Учир нь манай улсын нийт хүн амын 2.1 сая нь хөдөлмөрийн насных боловч хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож буй хүн амын тоо ердөө 1.4 сая. Харин 869 мянган иргэн ажиллах хүчнээс гадуур буюу хөдөлмөрийн зах зээлд идэвх, оролцоогүй байдаг аж.
Үүний улмаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.9 хувьтай байгааг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.
Хөдөлмөрийн зах зээлд оролцоогүй хүн амын эзлэх хувь ийнхүү өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, татварын орлогыг хумих, нийгмийн халамжийн ачааллыг нэмэгдүүлэх, ядуурлыг гүнзгийрүүлэх зэрэг системийн сөрөг үр дагаврыг дагуулдаг. Үүний зэрэгцээ энэ бүтэц нь хөдөлмөрийн зах зээлийг мэргэжил, ур чадварын хувьд доройтуулж, бодит өрсөлдөөн үүсэх боломжийг боомилж байдаг. Тодруулбал, ажил хайгч цөөн үед ажил олгогчид ажилтнаа сонгон шалгаруулах бус зүгээр л “хүн олж авах”-д анхаарах болдог. Ингэснээр ажлын байранд тавих шаардлага аяндаа доошилж цалин хөлс, ажлын орчин, мэргэжлийн өсөлт болон ажлын байрны чанар ахихгүй байх нөхцөл бүрдэх сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүний улмаас өндөр ур чадвар бүхий боловсон хүчний эрэлт үнэгүйдэж, хөдөлмөрийн зах зээл бүхэлдээ бүтээмж багатай, хөгжилгүй зогсонги байдалд ордог байна. Тэгвэл өнөөдрийн Монгол Улс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ гэдэг нь туйлын чухал. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, залуучуудын ур чадварыг зах зээлийн эрэлттэй уялдуулахын тулд бид эсрэг урсгал руу бус зөв чиглэлд хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөж, ур чадварт суурилсан өрсөлдөөнт орчныг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна.
Монгол Улсын гавьяат багш, Хүүхэд, гэр бүл судлаач, доктор, дэд профeссор Х.Баавгай
Бидний ажил хийж байгаа болон явуулж буй хөшүүрэг трактор шиг байна. Z үеийнхэнд тавьж буй хатуу шаардлага тэдэнд таалагдахгүй байна. Ажлын найман цагийн хоёр цагийг цахим болгох хэрэгтэй. Зарим орон ажлын дөрвөн өдөр лүү шилжиж эхэлсэн. Бид сэтгэлгээгээ өөрчилж, уян хатан харилцааны чиг хандлага руу шилжих цаг нь болсон.
Дэлхийн олон улс энэхүү чиглэлд аль хэдийнэ бодлогын түвшинд шилжиж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Европын холбоо хөдөлмөрийн насны хүн амын онцлог, ажиллах хэлбэрийн өөрчлөлтийг харгалзан зайнаас ажиллах зохицуулалтыг өргөжүүлж, ажлын бүтээмжийг үр дүнгээр хэмжих тогтолцоонд шилжиж байна. Үүний зэрэгцээ ажилчдаа нэг мэргэжилд “түгжих”-ээс илүүтэй, тасралтгүй дахин сургах (reskilling), ур чадвар ахиулах (upskilling) хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр системтэй хэрэгжүүлж буй. Түүнчлэн АНУ, Сингапур, БНСУ зэрэг орнууд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхдээ дипломоос илүү бодит чадварыг үнэлэх зарчимд шилжиж, ажил горилогчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг үнэлж, бодит өрсөлдөөнд бэлдэж байна.
Товчхондоо, дэлхийн хөдөлмөрийн зах зээл “чанар” болон “AI-ийн хурд”-аар зэвсэглэсэн шинэ эринд хөл тавьж байхад Монгол Улс ажиллах хүчний хомсдолтой зууралдаж, “хүн л олдвол боллоо” гэх аргацаасан хандлагаасаа салж чадахгүй хэвээр байна.
Ийм хандлага нь урт хугацаандаа хөдөлмөр эрхлэгчдийн чадварыг доройтуулж, бүтээмжийг бууруулж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулах эрсдэлтэй. Эцэст нь, өдгөө Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, ирээдүйн тогтвортой өсөлт нь зөвхөн уул уурхайн нөөцөөс хамаарах бус дэлхийн түвшинд үнэлэгдэх “ур чадвартай монгол хүн”-ийг бэлтгэж, хадгалж чадахаас бүрэн хамаарах болжээ.