
Мягмар гарагт Google Cloud компанийн Лондон дахь бүсийн хэд хэдэн үйлчилгээнд доголдол гарсныг тус компанийн үйлчилгээний төлөвийн мэдээлэлд дурджээ. Үүний зэрэгцээ Их Британийн дижитал банк Revolut-ийн үйлчилгээ ч тасалдсан талаар мэдээлсэн байна.
Google компани цахим хуудсандаа “Лондонгийн бүсийг хамардаг europe-west2 бүс дэх Google Cloud-ийн хэд хэдэн үйлчилгээнд олон алдаа гарч, сүлжээний холболт үе үе тасалдаж байна” гэж мэдэгджээ. Компанийн мэдээлснээр доголдол орон нутгийн цагаар өглөөний 07:00 цаг өнгөрсний дараахан эхэлсэн байна.
“Энэхүү доголдлын улмаас хүндрэл учирсан бүх хэрэглэгчээсээ хүлцэл өчиж байна” гэж Google мэдэгдэлдээ дурджээ.
Орон нутгийн цагаар 13:00 цаг өнгөрсний дараахан Google компани Лондонгийн бүсийн ихэнх хэсэгт үйлчилгээ сэргэж эхэлснийг мэдээлсэн байна. Мөн Лондонгийн зарим хэсэгт гарсан цахилгаан хангамжтай холбоотой асуудал уг доголдлын нэг шалтгаан болсныг мэдэгдэв.
Доголдлын шалтгааныг тогтоохоор шалгаж байгаа аж.
Харин Revolut банк цахим хуудсандаа хэд хэдэн үйлчилгээ нь хэсэгчлэн ажиллахгүй байгааг мэдээлжээ. Тухайлбал, банкны картаар төлбөр хийх, картаар дансны үлдэгдлээ цэнэглэх, АТМ-ээс бэлэн мөнгө авах, валют солих зэрэг үйлчилгээнд доголдол гарсан гэнэ.
Нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалж Reuters агентлагт мэдээлэхдээ Revolut банкны үйлчилгээний тасалдал нь Google Cloud-ийн доголдолтой холбоотой гэжээ.
Revolut банк X нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ “Одоогоор манай хэд хэдэн үйлчилгээнд доголдол үүсээд байна. Гэхдээ бүх харилцагчийн мөнгөн хөрөнгө болон хувийн мэдээлэл аюулгүй байгааг баталж байгаа” гэдгийг онцолжээ.
Google компани Лондонд байрлах дата төвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн уг доголдлыг инженерүүд нь үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээлсэн юм.
Үйлчилгээний доголдлын талаарх хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэдэг Downdetector цахим хуудасны мэдээлснээр мягмар гарагт олон тооны вэбсайт, аппликейшний үйл ажиллагаа тасалдсан бөгөөд тэдгээрийн дотор HSBC, Barclays, Lloyds Bank зэрэг банк багтжээ. Гэхдээ эдгээр банкны үйлчилгээнд гарсан асуудал Google Cloud-ийн доголдлоос шууд шалтгаалсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Үүнээс тусдаа Германы ING банк техникийн асуудлын улмаас интернет банк болон гар утасны банкны аппликейшнд нэвтрэхэд хүндрэл үүссэнийг мэдээлжээ.
Лондонгийн Сити Сент Жоржийн их сургуулийн Бэйс бизнесийн сургуулийн судалгаа, инновац хариуцсан дэд декан Фэн Ли уг доголдлын талаар тайлбарлахдаа “Энэ доголдол нь манай эдийн засаг үүлэн технологийн үйлчилгээ үзүүлдэг цөөн хэдэн компаниас ямар гүнзгий хамааралтай болсныг дахин сануулж байна. Нэг бүсэд үүссэн асуудал зөвхөн тухайн үйлчилгээ үзүүлэгчээр хязгаарлагдахгүй, банк, төлбөр тооцоо болон бусад олон үйлчилгээний үйл ажиллагааг тасалдуулж болзошгүй юм” гэжээ.