Түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцсэн байна.
Хуралдааны эхэнд "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр “Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн ихсэж, гол гудамж, замууд ачаалж байна. Тухайлбал, "Нарантуул", "Дүнжингарав", "Бөмбөгөр" зэрэг томоохон худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөнөөс үүдэж Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамжууд ачаалж, худалдааны төвүүдийн уулзварын нэвтрүүлэх чадвар 40 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд, Замын хөдөлгөөний удирдлагын төв Тээврийн Цагдаагийн албатай хамтран гэрлэн дохионы зохицуулалтаас гадна тодорхой байршлуудад алба хаагчдыг байршуулан, ачааллыг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна” гэв.
Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөний зохицуулалтын талаар санал солилцож, НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлийг өгчээ.
Нэгдүгээрт, зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзаж, тодорхой болгохоор болжээ. Түүнчлэн, уртасгасан цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээсээ асуух юм байна.
Хоёрдугаарт, амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал асуулга явуулах аж. Иргэдийн саналд үндэслэж, сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлгүй шинэлэх боломжтой хувилбарыг боловсруулахаар тохирчээ.
Гуравдугаарт, баярын өдрүүдийн замын хөдөлгөөний байдлыг шууд дамжуулалтаар үзүүлэх юм байна.