
20х20 хэмжээтэй, куб хавтан дээр өнгө будаг хоршуулан урласан уран зургуудыг эгнүүлжээ. Зураг бүхэн дахин давтагдашгүй өнгө, хийц, илэрхийлэмжтэй байх агаад цөм бяцхан уран бүтээлчдийн дотоод мэдрэмж, ертөнцийг илтгэх аж. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг тольдож, сонирхох олны дундаас нэг эрхэм анхаарал татна. Тэрээр зураг нэг бүрийг чухалчилж, сонжих агаад тэндээс ямар нэг зүйл эрж, хайх мэт гярхай ажиглах аж. Энэ эрхэм бол БНХАУ-ын нэрт уран зураач Song Yin Chi юм. Тэрээр "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагчдын Уран зургийн галарейд дэлгэсэн “MERAKI” уран зургийн үзэсгэлэнд саатсан нь энэ. Song Yin Chi монгол зурагчдын уран бүтээлээс тал нутгийнх нь тайван, тансаг чанар, үндэстний ондоошил, оюуны цар хүрээг олж хараад зогсохгүй энэ хүүхдүүд дунд урлагийн тэр дундаа уран зургийн салбарт цойлох эрхэм олон байгааг анзаарсан тухайгаа хуваалцсан юм.
БНХАУ-ын уран зураач Song Yin Chi
Би Монголд анх удаа ирж байна. Монгол хүүхдүүдийн бүтээлтэй танилцаж, үзэсгэлэнгээр нь зочлох боломж олдсонд маш их баяртай байна. Хүүхдүүдийн бүтээлтэй танилцахад монгол нутаг ямар өргөн, уудам, цэлгэр юм бэ гэх сэтгэгдэл төрсөн. Өөр орны уран бүтээлчдийн зураг, бүтээлээс ялгарах онцлог энд байна. Үзэсгэлэнг үзээд сэтгэл маш их хөдөлж, догдоллоо. Монгол хүүхдүүдийн төсөөлөл их өөр ертөнцөд байна. Монголчууд ирээдүйн боловсон хүчнээ маш сайн бэлтгэж байгааг эндээс харлаа. Би БНХАУ-д маш олон хүүхдэд уран зураг заасан багш хүн. Монгол хүүхдүүдийн ур чадвар магтахуйц санагдлаа.
Сурагчдын бүтээлээс бүтсэн “MERAKI” уран зургийн үзэсгэлэнг "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагчид долоо дахь удаагаа зохион байгуулж буй. Энэ жилийн үзэсгэлэнд 1-9 дүгээр ангийн 650 сурагчийн дотоод сэтгэлийн толь, тусгал болсон 950 бүтээл дэлгэгджээ.
"Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн захирал О.Энх-Амгалан
"Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагчид “MERAKI” уран зургийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулдаг. Энд уран зургийн маш олон чиглэлээр бэлтгэгдсэн зураг бий. Мөн хүүхдүүдийн зүрх сэтгэл, ур чадвараараа урласан бүтээлүүдийг зочдод худалдаад төвлөрсөн мөнгөөр сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Энэ уд эдгээр бүтээлээс олсон бүх орлогыг орон нутгийн сурагчдын англи хэлний мэдлэгийн дээшлүүлэх ажилд зарцуулна. Сургууль зөвхөн онолын мэдлэг олгодог газар биш. Бие бялдрын, оюуны, гоо зүйн хөгжлийг ч хөгжүүлэх учиртай. Мөн зөвхөн зүүн тархиа хөгжүүлдэг үеэс дэлхий нийт татгалзаж байна. Өнөө үед хүүхдүүдийнхээ тархины хоёр талыг зэрэг хөгжүүлэхийг чухалчилдаг болсон байна. Тиймээс урлагийн гоо зүйн мэдлэгийг хүүхдүүдэд олгох нь чухал ач холбогдолтой.
“MERAKI” уран зургийн үзэсгэлэн оролцогч хүүхдүүдэд өөрийн ертөнцөө таньж мэдэх, хүнлэг байдалд суралцах, сэтгэлгээгээ хөгжүүлэх, бие даан суралцах, хүмүүнлэгийн үйлсэд оролцох зэрэг олон ур чадвар олгох зорилготой. Түүнчлэн багачуудын урлагийн мэдрэмжийг хөглөж, энэ талбарын талаарх, ойлголт, мэдлэг өгдөг нь том ололт юм.
"Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн зургийн багш Ж.Ариунтуяа
Би зураач мэргэжилтэй. "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуульд долоо дахь ажилдаа ажиллаж байна. Манай сургуулийн зургийн багш нар дандаа уран бүтээлчид байдаг. Анх Ж.Анунаран уран бүтээлч “Маргад эрдэнэ миний эрдэнэ” гэх төслийг санаачилсан. Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй охинд туслах зорилготой. Тухайн үед манай сургуулийн удирдлагууд энэ төслийг сургуультайгаа хамтарч, зохион байгуулъя гэж шийдээд, түүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Бид хэдий хүүхэд бүрийг мэргэжлийн уран бүтээлчээр бэлтгэх боломжгүй ч урлагийг ойлгодог, мэдэрдэг, өөрийн мэдрэмжээ урлагаар дамжуулан бусадтай хуваалцдаг байх дадалд сургахыг хичээж байгаа. Мөн бүтээл туурвих нь хувь хүний хөгжилд нь ч олон давуу талтай. Үзэсгэлэнгийн тухайд, хүүхдүүдэд уран бүтээлийг гэр бүлээрээ зорьж, очиж үздэг болох соёл дадуулна. Манай хүүхдүүд цөм уран бүтээлч болохгүй ч маш сайн үзэгч болж чадна гэж боддог.
“MERAKI” уран зургийн үзэсгэлэнгийн өөр нэг онцлог нь зохион байгуулагчид. Тодруулбал, тус үзэсгэлэнгийн ажилд "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагчид оролцдог бөгөөд энэ нь сурагчдад багаар ажиллах, төсөл боловсруулах, аливааг зохион байгуулах зэрэг олон ур чадвар дадуулдаг байна.
"Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн 11с ангийн сурагч Г.Эрдэнэ-Номин
“MERAKI” үзэсгэлэнд зохион байгуулагчаар ажиллаж байна. Наймдугаар ангиасаа хойш тус үзэсгэлэнгийн зохион байгуулалтын багт ажиллаж эхэлсэн. Дүү нарынхаа бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж байгаадаа баяртай байна. Мөн өөрсдийн дотоод мэдрэмжээ зургаар дамжуулан хүмүүст хүргэж байгааг харах сайхан санагдаж байна. Маш их бахархаж байна. Миний хувьд, есдүгээр анги хүртлээ өөрийн уран бүтээлээр үзэсгэлэнд оролцсон. Зураг зурах үед надад маш тайвширсан мэт мэдрэмж төрдөг.
Ийнхүү хүүхдийн төсөөлөл, мэдрэмж, сэтгэлгээний өнгө төрхийг нэг дор цогцлоосон “MERAKI” үзэсгэлэн урлаг зөвхөн зураг төдий биш, харин хүмүүжил, хүнлэг чанар, бүтээлч сэтгэлгээний боловсрол байдгийг дахин санууллаа. Бяцхан уран бүтээлчдийн бийрний мөр бүрт тэдний дотоод ертөнц, мөрөөдөл, харах өнцөг шингэсэн байсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байв. Урлагийг мэдэрч, бусдын мэдрэмжийг ойлгож сурсан хүүхдүүд ирээдүйд зөвхөн сайн мэргэж



