Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдаас ашиг хонжоо авсан хэрэгт холбогдсон нэр бүхий этгээдүүдэд шүүхээс ял оноолоо.
Тодруулбал, Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Б-д авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноожээ. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хассан байна. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх замаар бусдаас их хэмжээний мөнгө авсан нь тогтоогдсон байна. Тэрбээр нийт 253.6 сая төгрөгийн хөрөнгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзжээ.
Мөн энэ хэрэгт холбогдсон Г.С, А.М нар нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил гарган, бусдаас тус бүр их хэмжээний мөнгө авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Иймээс Г.С-т нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, мөнгөн торгууль ногдуулжээ. А.М-ын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, мөнгөн торгууль оногдуулсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.