
АНУ-ын Дээд шүүх Трампын өмнөх захирамж Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсний дараа холбооны шүүх түүний төрөлхийн иргэншлийг хязгаарлах шинэ оролдлогын хэрэгжилтийг мөн зогсоов.
АНУ-ын Мэрилэнд мужийн холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын төрөлхийн иргэншил авах эрхийг хязгаарлах сүүлийн захирамжийн хэрэгжилтийг түр хугацаагаар хориглолоо.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын Дээд шүүх Трампын өмнөх оролдлого Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэний дараа гарч байна.
Мэрилэндийн холбооны дүүргийн шүүгч Дебора Бордман лхагва гарагт Трампын наймдугаар сарын 6-нд гаргасан шинэ захирамжийн хэрэгжилтийг зогсоох урьдчилсан хориг арга хэмжээ авсан байна. Шинэ захирамж нь Трампын нэрлэдэг “төрөх аялал жуулчлал” буюу гадаадын иргэд хүүхдээ АНУ-д төрүүлж, хүүхдэдээ Америкийн иргэншил авах зорилгоор тус улсад зорчих явдлыг хязгаарлахад чиглэжээ.
Уг захирамжаар тодорхой ангиллын гадаадын иргэдийн АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохоос татгалзахаар тусгасан байна. Үүнд иргэншил авах зорилгоор арилжааны шинжтэй зохион байгуулалт хийсэн гэж үзсэн хүмүүс, мөн “дайсны харьяат” гэж ангилагдсан иргэдийн хүүхдүүд багтаж байжээ.
Гэвч шүүгч Бордман энэ захирамж Трампын өмнөх оролдлогын нэгэн адил Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм.
АНУ-ын Дээд шүүх 6:3-ын саналаар төрөлхийн иргэншил нь АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан эрх гэж шийдвэрлэсэн байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн ерөнхийдөө төрөхдөө АНУ-ын иргэн болдог. Гэхдээ дипломат ажилтнуудын хүүхэд зэрэг маш хязгаарлагдмал цөөн тохиолдол үүнд хамаардаггүй.
Төрөлхийн иргэншлийн Үндсэн хууль дахь үндэслэлийг АНУ-ын Дээд шүүх олон удаагийн шийдвэрээр баталгаажуулж ирснээс хамгийн алдартай нь АНУ-ын иргэн Вон Ким Аркийн хэрэг юм. Тэрбээр АНУ-д хятад эцэг эхээс төрсөн нь төрөлхийн иргэншлийн эрх зүйн үндсийг тогтооход чухал нөлөө үзүүлжээ.
Трамп цагаачлалын бодлогын хүрээнд өөрчлөлт хийхийг зорьж байна
Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох кампанит ажлынхаа үеэр АНУ руу чиглэсэн цагаачлалыг эрс чангатгахаа амласан.
Түүний гол амлалтуудын нэг нь төрөлхийн иргэншлийн тогтолцоог өөрчлөх явдал.
Трамп болон түүний холбоотнууд түр хугацаагаар АНУ-д оршин суугч болон бичиг баримтгүй цагаачдын хүүхдүүд автоматаар иргэн болох ёсгүй гэж үздэг. Тэд Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөд дурдсан АНУ-ын “харьяалал, эрх мэдлийн хүрээнд” гэсэн заалтыг өөрөөр тайлбарлаж байгаа юм.
Гэвч Дээд шүүх зургадугаар сард Трампын өмнөх оролдлогыг няцаасан ч түүний засаг захиргаа төрөлхийн иргэншлийг хязгаарлах эрх зүйн өөр боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлсээр байна.
Энэ удаагийн шүүхийн маргааныг цагаачдын эрхийг хамгаалах байгууллагууд болон цагаач гэр бүлүүд гаргасан бөгөөд тэдний дунд Asylum Seeker Advocacy Project зэрэг байгууллага багтжээ.
Эдгээр нэхэмжлэгч өмнө нь ч шүүгч Дебора Бордманаас Трампын засаг захиргааны төрөлхийн иргэншилтэй холбоотой анхны захирамжийн хэрэгжилтийг хориглосон шийдвэр гаргуулж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт шүүгч Бордман нэхэмжлэгчдэд хоёр дахь захирамжийн агуулгыг тусгайлан авч үзэж, нэхэмжлэлээ шинэчлэн боловсруулахыг үүрэг болгосон.
Тэр үедээ ч Трампын шинэ оролдлого Үндсэн хуульд нийцэх эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, уг арга хэмжээг “урьд өмнө байгаагүй” алхам гэж нэрлэжээ.