
COP17 хурлын Усны өдрөөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын сургалт судалгааны албаны дарга Н.Зоригттой усны хомсдол болон энэ асуудлыг шийдэхэд ямар арга хэрэгжүүлбэл зохих талаар ярилцлаа.
Манай улсын цэнгэг усны нөөц багасахад томоохон нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл юу вэ?
-Усны нөөц гэдэг бол тодорхой хэмжээний ус ууршаад, эргээд зун бороо, өвөл цас байдлаар нөхөж байгалийн хуулиараа эргэлтэд орших ёстой. Судалгаанаас харахад Монголд усыг хамгийн ихээр ашиглаж байгаа салбар бол ХАА салбар, дараа нь уул уурхай сүүлд нь мэдээж иргэдийн хэрэглээ ордог. Эдгээр нь усны нөөц багасахад нөлөөлдөг.
Гэхдээ усны нөөц багасахад хамгийн их нөлөөлж буй зүйл бол цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт. Жишээ нь ой модны нөөц хомсодсоноос цөлжилт үүсдэг. Учир нь ой мод доороо усны нөөц буюу цэвдгийг тогтоон барьж байдаг. Иймд ой модны нөөц багассанаар газрын гадарга дээр ирж байгаа нарны тусгал шууд газрын гүнд байгаа цэвдэгт тусаж, хэмжээг нь багасаж цаашлаад гүний усны нөөц өөрчлөгдөх эхний шалтгаан болж байна. Нөгөө талд нь усны нөөцөд өөрчлөлт орсноор жилд орох хур тунадасны хэмжээ өөрчлөгддөг. Хур тунадасны хэмжээ өөрчлөгдсөнөөр жилд ургах ургамлын хэмжээ ч дагаж өөрчлөгддөг. Улмаар хэвийн эргэлтэд байх ёстой тойрог алдагдсанаар усны нөөцийн хомсдол бий болж байна.
“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын сургалт судалгааны албаны дарга Н.ЗоригтБусад улстай харьцуулбал манай улсад жилд буух хур тунадасны хэмжээ бага. 220-600мм орчим гэдэг статистик бий. Манай улсын хур тунадасны хэмжээг бүсчлэн авч үзвэл хээрийн бүс, хангайн бүс харьцангуй сайн. Харин говийн бүсийн хувьд бороо орохгүй, цас унахгүй жилүүд ч байдаг. Эдгээр нь эцэстээ цөлжилтийг хурдацтайгаар, илүү эрчимтэйгээр явагдах үндэс болж байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг байдлаар цөлжилтөд өртсөн. Дотроо хэд хэдэн ангилалтай хэдий ч нийт нутгийн 80-аас дээш хувь гэдэг бол цөлжилтийн асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Аль нэг газраа ямар нэг байдлаар цөлжилт, газрын доройтолд өртсөн бол эргээд усны нөөцөө зөв зохистой ашиглах шаардлагатай. Ашиглаж байгаа усныхаа үе шат болгонд хараа хяналтаа сайжруулж, иргэн бүр хариуцлагатай хандах нь чухал байна.
ХАА болон уул уурхайн салбарууд усыг их хэмжээгээр хэрэглэж байгаа талаар та дурдлаа. Эдгээр гүний цэнгэг усыг их хэмжээгээр ашиглаж байгаа байгууллагуудаас ус ашигласны татварыг өндөр дүнгээр авах эсвэл саарал усны технологийг нэвтрүүлсэн тохиолдолд татварыг хөнгөлөлт үзүүлэх зэрэг нь усны нөөц хамгаалахад бодитой шийдэл болж чадаж байна уу?
-Уул уурхайн салбар хөгжиж буй говийн бүсийн нутагт усны нөөц хязгаарлагдмал. Газар дээрх ус бол маш ховор. Иймд уурхайнууд гүний цэнгэг усыг ашиглаж байна. Гэхдээ дэлхийн шилдэг инновац, технологийг ашиглаж, нийт усныхаа 80 - 90 хувийг дахин ашиглаж байгаа сайн уурхайнууд ч байдаг. Нөгөө талдаа гүний усыг шууд ашиглаад хаягдал ус болгож байгаа уурхайнууд ч бий. Тэгэхээр МУ-ын Засгийн газар, бодлогын түвшинд шийдвэр гаргагч байгууллагуудаас усаа хэмнэх, ногоон технологийг нэвтрүүлэн ашиглаж байгаа байгууллагуудад үзүүлж буй дэмжлэг туслалцаа, хэрэгжиж буй татварын бодлогууд сайн үр дүн үзүүлж байгаа.
COP17: "Усны өдөр"Олон улсад цэнгэг усны хомсдолоос сэргийлэх ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Нэг судалгааг дурдахад төв суурин газар орон сууцад амьдардаг өрхийн нэг гишүүн өдөрт 150-200л ус хэрэглэдэг бол орон нутагт байгаа малчин, сумын төвд хашаа байшинд амьдардаг нэг хүн өдөрт 10-15л ус хэрэглэдэг. Дэлхий нийтээр байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах нь хувь хүнээс эхэлдэг гэж үздэг. Насанд хүрсэн хүний байгаль орчинтойгоо харьцаж байгаа хандлагыг өнөө маргаашдаа өөрчлөх хэцүү. Иймд сургуулийн насны хүүхдүүдийн хүмүүжил, дадлыг өөрчилснөөр тав, арван жилийн дараа зөв төлөвшилтэй Монгол иргэн бий болно. Нөгөө талдаа тогтвортой хөгжлийн зорилгын суурь гурван асуудал нь байгаль орчин, нийгэм эдийн засаг, боловсрол. Тэгэхээр байгаль орчны асуудал хүний харилцаа хандлага, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, өвлүүлэн үлдээнэ гэсэн ерөнхий санаа байдаг.
Өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэгжүүлдэг сайн туршлагын наад захын жишээ бол машин угаалгын газар зөвхөн саарал усыг л ашигладаг. Гэтэл манай нийслэлд байгаа машин угаалгын газруудын судалгааг харвал саарал усны технологийг ашигладаг 10 хүрэхгүй газар л байдаг. Иймээс ААН бүр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж ашиг олохын хажуугаар байгальдаа ээлтэй технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай.
Усны нөөцийг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр танай байгууллагаас хэрэгжүүлдэг ямар ямар ажил байдаг вэ?
-Манай байгууллагын зүгээс жил бүрийн есдүгээр сарын 19-нд “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан усны ойр орчмыг цэвэрлэх CLEAN UP DAY ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 21 аймгийн байгаль орчны газар, тусгай хамгаалалттай газар нутгийн 40 хамгаалалтын захиргаа болон усны сав газрын 21 захиргаатай хамтраад орон даяар тус өдөр усны ойр орчмын цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн. Энэ ажилд насанд хүрэгчид, сургуулийн насныхан, цэцэрлэгийн хүүхдүүд болон малчид гээд нийгмийн бүх төлөөллүүд оролцоно. CLEAN UP DAY-ээр усны ойр орчимд энгийн, хатуу болон аюултай хог хаягдлууд хэр хэмжээгээр байна вэ гэдгийг тодорхойлж олон нийтэд танилцуулан, “Өөрсдийнхөө хэмжээнд эдгээр хог хаягдлыг багасгаж, эх дэлхийгээ хайрлая” гэдэг мессежийг дамжуулахыг зорьж байна.
Бэлтгэсэн: Ц.Намуунаа