Өмнөд Азийн Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улсад өчигдөр өргөн хүрээний иргэдийн жагсаал боллоо. Жагсаал мөргөлдөөн болон хувирч, жагсаалын үеэр 19 хүн амь эрсдэж, 400 орчим хүн гэмтэж шархадсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 300 нь жагсагчид, 100 нь цагдаа аюулгүйн хүчний алба хаагчид байжээ.

Жагсаал анхандаа олон сая хэрэглэгчтэй цахим сүлжээнүүдийг хориглох Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж эхэлсэн. Гэвч аажимдаа эрх баригчдын дунд газар авсан авлигыг эсэргүүцсэн залуусын жагсаал болж хувираад байна.

Жагсагчдын ихэнх хувийг Z үеийнхэн буюу  13-28 насныхан эзэлж байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Балбын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт олон нийтийн цахим сүлжээний платформуудыг тус улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны яаманд бүртгүүлэхийг шаардсан. Гэвч яамтай тохиролцож бүртгүүлээгүй 26 платформыг хориглох шийдвэр гаргажээ.

Балбад хориглож байгаа платформуудын дунд дотоодын аппликейшнуудаас гадна Facebook, X, YouTube болон Instagram, WhatsApp зэрэг дэлхийн хэмжээний олон сая хэрэглэгчтэй цахим сүлжээнүүд багтсан байна. Харин Мэдээллийн технологи, харилцаа холбооны яаманд бүртгүүлсэн хоёр апп-ыг хаасан байсан ч эргээд үйл ажиллагааг нь сэргээжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш хэрэглэгчид VPN ашиглаж цахим платформуудыг ашиглах гэж оролдсон ч хүндрэлтэй байгаа тухай цахим орчинд илэрхийлж эхэлсэн байна. Иргэдийн бухимдал үргэлжилсээр өчигдөр нийслэл Катманду болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал болж хувирлаа.

Цахим платформуудын хоригийг цуцлахыг шаардсан жагсаалд нийгмийн залуу үеийнхэн идэвхтэй нэгдсэн. Тэд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэн, улс төрийн тавцанд газар авсан авлига хээл хахуулийг эсэргүүцэж байна. Жагсаалд оролцож байгаа иргэдийн ярьснаар цахим платформуудыг сэргээхийг шаардах нь зөвхөн шалтаг байсан гэжээ. Иргэд Балбын Засгийн газар, төрийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байж, бухимдах болсон. Иргэдийн уур бухимдал эцэст нь жагсаалыг эхлүүллээ.

Балба улс өмнө нь хаант засаглалтай байсан хэдий ч 2008 онд хаант засаглалыг нураасан. Холбооны бүгд найрамдах, ардчилсан засаглалд шилжсэн боловч өнгөрсөн арав гаруй жилд иргэдийн аж амьдрал улам дордож байгааг илэрхийлэх болжээ. Энэ зун балбачууд хаант засаглалыг эргэн сэргээхийг шаардсан жагсаал хийсэн юм.

Одоогийн Засгийн газар цахим платформуудыг хориглох шийдвэрээ хуурамч мэдээ мэдээлэл түгээх, цахим гэмт хэрэг гарах зэргээс сэргийлсэн алхам гэж хамгаалж байна. Тэдгээр цахим сүлжээнүүд Балбын хууль дүрмийг дагах ёстой гэжээ.

Жагсагчид Катманду хотын гудамжнаас Парламентын ордныг чиглэж, нэвтрэхийг оролдсон. Зарим нь ордны хаалт хашааг давж орсон. Тэдний эсрэг аюулгүйн хүчнийхэн даралтат усаар шүршиж, бороохойдож, хиймэл сумтай буугаар буудсан байна. Жагсаалыг намжаахын тулд Катманду болон жагсаал болж байгаа зарим хотод хөл хорио тогтоолоо.

Мөргөлдөөний улмаас Катмандугийн жагсаалд оролцож байсан 17 хүн, Итахари хотын жагсаалд орж байсан хоёр хүн амь үрэгдсэн.

Өчигдөр орой Засгийн газрын төлөөлөгчид олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн байна. Улс оронд үүссэн эмх замбараагүй байдалтай холбогдуулан Дотоод хэргийн сайд Рамеш Лехакыг огцруулсан гэдгээ зарлажээ.

НҮБ-ын Хүний эрхийн газраас Балбын Засгийн газрыг олон нийтийн цахим сүлжээг хориглох шийдвэрээ эргэн харж, нас барсан хүмүүсийн хэргийг нийтэд ил тод мөрдөн шалгах уриалга гаргажээ.