
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа даваа гарагт өндөр ур чадвартай гадаадын ажилтнуудад олгодог шинэ H-1B визийн хураамжийг 100 мянган ам.доллароос дээш тогтоох арга хэмжээг хууль, журмаар баталгаажуулах саналын төслийг нийтэллээ. Трамп уг хураамжийг өнгөрсөн жил анх тогтоосон боловч шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэхийг нь хориглоод байгаа юм.
Трамп өнгөрсөн жил түр хугацааны зарлигаар анх тогтоосон энэхүү хураамж нь технологи, боловсрол, судалгааны салбарынхан өргөнөөр ашигладаг H-1B виз авах зардлыг эрс нэмэгдүүлсэн. Өнгөрсөн зургадугаар сард холбооны шүүгч уг хураамжийг хууль бус гэж үзэн, Трампын засаг захиргааг хураамж авахыг хориглосон.
Бостонд төвтэй давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хянан хэлэлцэж байгаа бол өөр нэг шүүх Вашингтон хотод байрлах шүүхийн шүүгч томоохон бизнесийн байгууллагын уг хураамжийг эсэргүүцсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байсан эсэхийг авч үзэж байна.
Трампын 2025 онд гаргасан уг хураамжийг тогтоосон зарлиг нь гарснаас хойш нэг жилийн дараа буюу ирэх есдүгээр сард хугацаа нь дуусна. Гэхдээ уг зарлигт хураамжийг байнгын болгох зохицуулалт бүхий журам батлахыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яаманд даалгасан байна.
Дотоодын аюулгүй байдлын яамнаас санал болгож буй 103 265 ам.долларын хураамжийн төслийг Холбооны бүртгэлд цахимаар нийтэлжээ. Уг нийтлэл мягмар гарагт албан ёсоор хэвлэгдэнэ. Ингэснээр олон нийтээс 30 хоногийн хугацаанд санал авах үйл явц эхэлж журмыг он дуусахаас өмнө эцэслэн батлах боломжтой.
H-1B хөтөлбөрийн талаарх маргаан
H-1B хөтөлбөр нь АНУ-ын ажил олгогчдод мэргэжлийн тусгай чиглэлээр бэлтгэгдсэн гадаадын ажилтныг ажиллуулах боломж олгодог. Жил бүр 65 мянган H-1B виз, түүнчлэн ахисан түвшний боловсролын зэрэгтэй ажилтнуудад зориулж 20 мянган виз олгож, уг визийг 3-6 жилийн хугацаагаар баталгаажуулдаг.
Трампын өнгөрсөн жил гаргасан зарлиг нь зарим H-1B виз авах зардлыг эрс нэмэгдүүлсэн. Өмнө нь янз бүрийн нөхцөлөөс хамааран эдгээр визийн хураамж ихэвчлэн 2000-5000 ам.доллар орчим байсан юм.
Трамп болон түүний Бүгд найрамдах намын бусад шүүмжлэгчид H-1B хөтөлбөрийг олон компани урвуулан ашиглаж, америк ажилтнуудыг илүү хямд өртөгтэй гадаадын ажиллах хүчээр сольдог гэж үздэг.
Харин бизнесийн байгууллагууд болон олон компани тодорхой ажлын байранд шаардлагатай мэргэшсэн америк ажилтан хүрэлцдэггүй тул уг визийн хөтөлбөр зайлшгүй шаардлагатай, АНУ-ын компаниудад өндөр ур чадвартай ажилтнуудыг дэлхийн хэмжээнд сонгон шалгаруулж ажиллуулах боломж олгодог гэж мэдэгддэг.
Шүүхийн баримтад дурдсанаар хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар ойролцоогоор 70 ажил олгогч нийт 85 визийн хүсэлтийн хүрээнд 100 мянган ам.долларын хураамж төлсөн байна.
Трамп уг хураамжийг тогтоохдоо холбооны цагаачлалын хуульд заасан ерөнхийлөгчийн гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хязгаарлах эрхийг үндэслэжээ. Тэдгээр хүмүүсийг АНУ-ын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн тохиолдолд нэвтрэхийг нь хязгаарлах эрхийг уг хууль олгодог.
Уг хураамжийг АНУ-ын хамгийн том бизнесийн лобби байгууллага болох АНУ-ын Худалдааны танхим, Ардчилсан намын удирдлагатай муж улсууд, мөн үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчдын эвсэл эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр нэхэмжлэлийг шинэ журам эцэслэн батлагдсаны дараа энэ долоо хоногт санал болгосон журмыг эсэргүүцэх байдлаар шинэчлэн гаргаж болзошгүй.
Хууль зүйн маргаан нэмэгдэж байна
Нэхэмжлэл гаргасан талууд Трампын гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хязгаарлах эрх нь H-1B визийн хөтөлбөрийг бий болгосон хуулийг давж гарах боломж олгохгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэл гаргасан муж улсууд болон байгууллагууд Дотоодын аюулгүй байдлын яам Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр АНУ-д орлого бий болгох зорилгоор хураамж, татвар болон бусад төлбөр тогтоох эрхгүй гэж маргаж буй.
Харин Трампын засаг захиргаа уг хураамж нь уламжлалт утгаар татвар биш, тиймээс ерөнхийлөгчийн гадаад иргэдийн нэвтрэхийг хязгаарлах эрхийн асуудалд шүүхүүд хөндлөнгөөс оролцох эрх хязгаарлагдмал гэж үзэж байна.
Трампын засаг захиргаа цагаачлалын бодлогоо өргөн хүрээнд чангатгаж буй энэ үед ажил олгогчид өнгөрсөн жил ойролцоогоор 344 мянган H-1B визийн бүртгэл хийжээ. Энэ нь 2024 оныхоос 25 гаруй хувиар буурсан бөгөөд 2023 онд хүсэлт гаргасан 794 мянган визийн талд нь ч хүрэхгүй гэдгийг АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны мэдээлэлд дурджээ.
Трампын засаг захиргаа мөн H-1B виз хүсэгчдэд тавих нарийвчилсан шалгалтыг чангатгах шийдвэр гаргаж, өндөр ур чадвартай, өндөр цалинтай ажилтнуудад давуу эрх олгох шинэ виз сонгон шалгаруулалтын журмыг санал болгосон.
Үүнээс гадна наймдугаар сарын эхээр Дотоодын аюулгүй байдлын яам тусдаа журмаар H-1B ажилтны АНУ-д байх хугацааг сунгах, эсвэл өөр улсад ажиллаж буй ажилтныг АНУ-д шилжүүлэх хүсэлтэд 4,500 ам.доллар хүртэлх нэмэлт хураамж ногдуулсан байна.