АНУ-ын Жоржиа муж дахь “Hyundai” компанийн үйлдвэрт явуулсан томоохон цагаачлалын нэгжлэгийн үеэр саатуулагдсан 300 гаруй солонгос иргэн эх орондоо буцаж иржээ.

Эдгээр ажилчдыг нутаг буцах үеэр “Hyundai”-ийн гүйцэтгэх захирал уг ажиллагааны нөлөөллийн талаар анхааруулга хийсэн байна.

БНСУ-ын ажилчид болон саатуулагдсан бусад гадаадын 14 иргэнийг тээвэрлэсэн тусгай “Korean Air” нислэг пүрэв гаргийн өдрийн цагаар Атлантагаас хөөрч, эх орондоо буужээ. Харин Өмнөд Солонгосын нэг иргэн АНУ-д үлдэж, байнгын оршин суух эрх хүсэхээр шийдсэн байна.

Ерөнхийлөгч И Жэ Мёны хэлснээр, тусгай нислэг АНУ-ын Цагаан ордны заавраар нэг өдрөөс илүү хугацаагаар хойшлогдсон байна. Түүний тайлбарласнаар, Ерөнхийлөгч Дональд Трамп ажилчид АНУ-д үлдэж, америкчуудыг сургаж ажиллуулах сонирхолтой эсэхийг шалгахын тулд түр хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгч И Жэ Мён цааш нь, уг ажиллагааны улмаас цаашид манай орны компаниуд АНУ-д хөрөнгө оруулахдаа тун болгоомжтой, няхуур хандах болно гэж мэдэгдэв.