
I.
Бусдын амьдралаар хэн ч туучдаггүй. Заяа бүхэнд өөрийн зам бий. Харин хүн бүрийн дотор хөндүүр оршдог. Заримд нь шарх сэдрээх шаналан байдаг бол заримд нь тэр хөндүүр эм болдог. Түүнийг зөвхөн өөртөө оршоож, орь ганцаар санаж явах агаад ганцаардлын тэнгист живчихэлгүй тэсэж үлдэхийг хичээнэ. Хэчнээн гудайсан ч хүн энэ амьдралаас цөхөртлөө зуурсаар байдаг. Харин хөндүүрээ үдэж эдгэрлийг олохдоо сайн сайхан хүмүүстэй хамт байж, тайвширлаа хуваалцаж, цугтаа мартдаг аж. Хамгийн чухал нь бүгд өөр өөрийн хөндүүртэй, түүгээр адилхан өвдөж, эцэст нь адилхан замхраадаг тухай сэрсэн нэгэн бусдыг энэрэх, юунд ч үл халирах хүнлэг чанартай болдог шиг санагдана. Энэ бол нийтлэлч, “Улбар” паблишингийн үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянгын “Ахуй” номыг уншсаны дараах бодол.
Тэр их намуухан дуутай. Заримдаа яриаг нь анхааралтай чагнах гэж мэрийх зууртаа дуу хоолойд нь ухамсар минь шингээд орчихов уу гэлтэй жигтэй мэдрэмж төрнө. Өвлөөс тав тухыг нь өвлөж, зунаас илч гэрлийг нь оршоож, хавраас хохийсон өдрүүд дэх орь ганцаардлыг нь дээрэмдсэн намрын дулаан өдөр дунгуйран эргэлдэж, гудамж амь оруулах навчис хөл ороосон цагаар бид танилцсанаас хойш дөрвөн улирал зургаантаа буурь сэлгэжээ. Жирийн бус мэдрэмжүүдийн цуглуулга шиг орон хотоосоо нэгэнтээ сугарч, эх орны минь умардын уулсын жавар хацар алгадаж, хуруу мэрсэн тосгонд төвхнөсөн түүнийг “Хатгалын тэмдэглэл” номоор нь уншигчид андахгүй. Харин түрүүхэн уншиж дуусгаад, өчигдөрт, өнгөрсөнд үлдээсэн дурсамж бүрээ уншигчидтай хамт дахин сэрж, нэр үгсээр тэр л туулсан замаа тоочсон шүлэг шиг бүтэцтэй илэрхийллийг арын хавтаст хавсаргасан “Ахуй” ном нь ширээн дээр байна. Уншсан мэдрэмжээ амь халуун дээр нөтбүүкээ дэлгэж, мессенжерээ асаагаад, зохиолчийн мэнд амрыг мэдэж, эхнийхээ асуултыг тавив.
-660x0.png)
“Номыг тань уншиж барав. Хөндүүртэй юм. Бага насных нь хамгийн хөндүүр атал тэр л хөндүүр нь санах бүрд аливаа асуудлыг давах зориг, тэвчээр болдог тийм дурсамж Танд бий юу?” Магадгүй номыг нь уншсан хүн гэхэд, тэр л овор хэмжээ багатай ч олж харсан бүхэн нь хүмүүсийг бодол, эргэцүүллийн аргамжаанд хүлэх бүтээлийн дараах хамгийн гэнэн асуулт ч байж мэднэ. Гээд яахав, нэгэнт илгээх товчийг дарчихсан хойно. Номын сүүлчийн хуудсыг дахин дэлгэлээ. “Айл бүр адилхан шалтгаанаар зовж, жаргана. Айл бүр адилгүй шалтгаанаар зовж, жаргана. Алтан загас барилаа гэхэд хэлэх хүсэл байвч хүсэгч этгээд нь би ч юм, бусад ч юм. Хамт дурсаж, хамт мартана” гэх өгүүлбэр дээр дахин азналаа. Бодол болов. Бодно гэдэг ухамсрын хувьд туйлын чухал ажил. Азнах, бодох, хаврын ногоо шиг шинэхэн асуултыг дотроос минь үй түмээр нь ургуулах үг үсэг, өгүүлбэрээр дүүрэн номтой учирна, уншина гэдэг юутай сайхан. Гэхдээ нэг тийм хөндүүр оргисон мэдрэмж салж өгсөнгүй. Магад сайн ч биз, саар ч биз. Аль аль нь одоохондоо надад эрдэнэ.
Цонхны завсраар чийгийн үнэр салхитай хамт өрөө рүү цутган орж ирээд дураар тэнүүчлэв. Халтардсан тэр л шилний цаана дөнгөж нахиалж буй модод мөчрөө шажигнуулан ганхана. Эх хүн амаржсаны дараа бүх биеийнх нь яс, судас, шөрмөс хэрхэн янгинадаг бол гэж санахын завсар мөнөөх мод ширүүн салхинд нялх нахиагаа алдчихгүйг мэрийхдээ эд, эс бүхнээрээ шархиран байх шиг бодол мэтгэнэ. Ашгүй хэдэн хормын дараа хуйсагнаж байсан тэнгэр тогтож, салхины араас түнэрлэсэн хүнд хөх үүлс нүүгэлтэн түрж ирээд хотын дээрээс бороо асгарлаа. Цонх даган урсах усан дуслууд хэзээд намрын өглөө морины зоонд буусан, өвсний эсгэчихмээр үзүүрт тогтсон сувдан бөнжгөрийг орлохгүй ч үзэсгэлэнтэй харагдана. Заримдаа хацарт зам татуулах нулимс ч ялгаагүй ийм, ажаад л суумаар санагддаг. Тэгтэл утсанд зурвас ирлээ. Эх асуултын хариу.
“Огт байхгүй. Харин хөндүүр гэж нэрлэж болох дурсамж бий. Гэхдээ хөндүүр, хөндүүр бусаасаа үл хамаарч аливаа дурсамж минь одоо цагт зориг хайрлах юм уу, зориг мохоодоггүй. Одоо цагийн асуудлаа өнгөрсөн, ирээдүйтэйгээ барагтай л бол холбодоггүй. Тулаад ирсэн асуудлыг туулаад л гарна. Өөр дүрэмгүй”.
Бичнэ гэдэг эдгэрэхийн нэр буюу. Түүний өгсөн хариултаас ийм бодолтой үлдэв. Дурсамжуудаас надад үргэлжид хөндүүртэй нь дайгдаж, цаг хугацааны сүйхэд минь морилдог байсан хэрэг үү. Харин түүнд бол өөр. Хайрлах, эс халирахаас үүдэн тэр аж төрж сурсан шиг санагдана. Өнгөрснөө тэмтэрч, ирээдүйгээ бодон санааширч суухгүйгээр өөдөөс сөрж ирсэн бүхнийг туулаад л гарах дүрэмтэй тийм амьдрал. Номын сүүлчийн хуудсуудыг нэгийг ахин сөхлөө. “...Ээж ээ гэх үг мэт. Хөршүүд мэнд мэдэх мэт. Шуудан ирэх мэт. Гэрийн үнэр мэт. Нохой гар долоох мэт. Аадрын өмнөх агаар мэт. Сартай шөнийн өвсний гэгээ мэт. Аргал цогших мэт. Чи ирэх мэт”. Тэр ингэж бичээд гурван цэг хатгасны хойно “Хөнгөрөв” гэжээ. Таталсан юм шиг санагдах мөнөөх гурван цэгт үргэлжилж болох хэчнээн олон, ээнэг юмсын дүрслэлийг багтааж болох талаар төсөөлөв. Ямартаа ч яг одоо бол нэгийг нэмбэл “Ахуй”-г унших мэт...
Ээж ээ гэх үгээс нь үүдээд би дахин ийм асуулт тавилаа. “Аав тань ямар хүн байсан бэ, Та бага насныхаа он жилүүдийг, гэр бүлээ өдгөө санахад юу нь дотрыг тань дулаанаар ээдэг бол...” Дурсамж гэхээр бидний насны хүмүүс орчлонтой танилцаж, орь ганцаар жаргалтай дэгж дэрвэж үдсэн бага насаа санадаг. Гэхдээ биднийх тийм байлаа гэхэд тэндийх зүдгүүрээр дүүрэн байх нь бий. Учир нь хүүхэд бүрийн бага нас бал бурмаар төсөөлөгдөх зуны улирал шиг цэнгэлтэй биш л дээ. Азтай нь биднийх тийм. Тэгээд тэр ингэж хариулсан юм. “Азаар би сайн сайхан аав, ээжийнхээ хайранд өссөн хүн. Хэдий харамсалтай ч хүн бүрийн ээж, аав сайн сайхан байдаггүй. Мөн л азаар аав, ээж минь амьд сэрүүн байна. Төрхөм минь гэвэл очоод хэдэн өдөр ч хамаагүй унтмаар санагддаг тийм орчин. Тэд маань ярихгүй хэд хоноход гомддог, уулзахаар очихдоо гангалахыг хүсдэг, хамт замд гарах дуртай хүмүүс”.
Аав, ээж нь хэзээд түүн итгэдэг, хайрладаг. Харин хүүхэд бүрийн аав, ээж бас чиг тийм бишийг тэр хожим ойлгосон. Алхах жимээ өөрөө сонгож, алсдаа ямар хүн болохоо өөртөө л тунхагласан. Хуульчаар суралцаж, мэргэжлээрээ ажилласан хоног өдрүүд өдгөө ард үлдэж, тэр аав, ээжтэйгээ замд гарахын сайхныг амталж, эдэлдэг шигээ өөртөө ахин нэг зам бүтээсэн нь номтой харгалджээ.
II.
“Ахуй” бол хөндүүр, оёг, шархаар дүүрэн хүнд ном. Гэхдээ ончроон санах олон сайхан дурсамжууд бий учраас эл эсээ, бичвэрийн зүймэл бүтээл гэрэл гэгээнээс гэлмэчихээгүй билээ. Бүтцийн хувьд ч тодорхойлох нэн ярвигтай. Ямартаа ч зохиолч Ч.Бат-Уянга дурсамжууд, өөрт тохиолдсон үйл явдлуудыг уран сайханжуулж, зарим нөхцөлд баримтаас эрс ялгаж, зохион бичлэгийн өнгө аясад хувиргасан байна. Тиймээс тэнд гарах дүрүүд, ялангуяа номын бүлэг гэж үзвэл “Оёг III” дэх “Гуйлга” гэх гарчигтай бичвэрүүдийг үнэхээр тохиолдсон явдал гээд нотлоход хэцүү. Харин бидний ахуй ийм чанартай болчихжээ хэмээх ерөнхий дүгнэлтэд хүрч болно. Тэгэхээр гагц түүний л дурсамж бус нийгмийнхээ доголдсон систем, сүүдэртэй талыг ч бид уншиж байгаа хэрэг юм. Бүлэг гэснээс ахиулан өгүүлбэл тус номыг бүтцийн хувьд гурван хэсэгт хуваасан байна. Эхнийх нь “Цагаач” гэх бол хоёр дахь “Оёг” нэртэй. Харин сүүлчийнх нь “Ээнэгших”. Тэдгээр цөм өөрсдийн гэх шинж чанартай, үйл явдал, дүрүүдтэй.
Сэрдхиймээр дүрслэлүүд ч бий, сэтгэлд ээнэг мөчүүдийн амьдрал тусгах гэгээ ч бий. Хүүхдийн эрхийг хөндсөн нэлээдгүй бичвэрүүд, авлига, танил талаараа асуудлыг шийдэх гэсэн хүмүүсийн талаарх буруу үйлийг нь жигшивч доромжилж өс тээгээгүй ултай харилцан ярианууд ч багтжээ. Хүүхдийн асуултууд ч байна. Ихэнх нь гол зурмаар. Үнэндээ эл номыг зүймэл гэж тодорхойллоо ч хэсэг бүрийг эхлэлээс нь төгсгөл хүртэл төнхөөд үзвэл үнэхээр сүүлийн олон арван жилийн турш сайн, муутайгаа үргэлжилсэн бидний ахуйн жинхэнэ дүр төрхийг илчилсэн бэсрэг тууж ч баймаар сэтгэгдэнэ. Хүмүүсийн оюун ухааны талаарх хөөсөрсөн дүгнэлт, хайр сэтгэлийн хүчийг бахдан номлодог өчүүхэн бид гоо зүйн өмнө хэчнээн сул дорой болохыг үнэнээр нь илчилж уншигчаа хөөрхийлөлтэй ахуйд нь буцаадаг тийм зохиол шиг...
Ч.Бат-Уянга “Улбар” паблишингаа байгуулснаас хойш нийгмийн асуудлыг хөндсөн цөөнгүй ном хэвлүүлсэн. Уран зохиолынх нь бүтээлүүд ч тэр бидний дунд оршдог халгамаар харилцааны жишээг сөхсөн байх нь бий. Тэрээр дотоод болон гадаадын өсвөр насны хүүхдүүдийн бичсэн “Юу мэднэ гэж?” нэртэй нийгэм, улс төрийн сэдэвт богино, өгүүллэг, эсээний номыг эмхэтгэн хэвлүүлсэн билээ. Мөн “Орчин үеийн Монголоос илгээв” богино өгүүллэг, эсээний түүвэр ч мөн дээрхтэй ижил агуулга хөндөнө. Түүнчлэн “Улбар” паблишингийн зүгээс орчуулгын болоод зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн зэрэг өөр олон номыг уншигчдад хүргэсэн агаад тэр бүхнийг энд тоочих шаардлагагүй болов уу. Харин дараагийн асуулт минь энэ.
“Улбар паблишингийг нээх болсон шалтгаан, номтой холбогдсон гүүр тань юу вэ. Таны “Ахуй” номыг уншихад “хөндүүр” гэх үг л санаанд буугаад байна…”
Тэр номтой холбогдсон шалтгаанаа өссөн орчны нөлөөлөл, нөгөө талдаа хувь тавилан гэж тодорхойлсон. Аав, ээж нь түүнд багаас нь ном уншуулжээ. Мэдээж ах, дүү хоёрыг нь ч бас эл ертөнц рүү уруу татсан нь тодорхой. Харин тэднээсээ илүү номд шимтсэн нь Ч.Бат-Уянга. Тэрээр хүүхэд байхдаа Оросын зохиолч А.Ивановын “Мөнхийн дуудлага” хоёр боть роман, Колумбын үгийн урлагийн мастер Г.Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-тай учирсандаа үргэлжид талархдаг хэмээсэн юм. Ивановын бүтээлээс яруу найргийн сайханд шимтэж, Маркесийн шидэт реализмаас уран зохиолын дүр төрх, хэчнээн том ертөнц болохыг гадарласан гэв. Харин хэвлэлийн газрын хувьд тэр эл хариултыг өглөө.
“Улбар паблишингийг нээсэн шалтгаан бол, зөвхөн хувийнхаа өнцгөөс хэлэхэд болох ёстой юм болдгоороо л болжээ гэж дүгнэдэг. Хамтран үүсгэн байгуулагчид минь өөр шалтгаантай байж таарна. Гэсэн атлаа цөөнгүй тохиолдолд өөрийгөө анзаарахад хуульчийнхаа ажлыг л арай өөр арга, хэлбэрээр хийгээд буй мэт санагддаг юм. Хуульчийн хувьд хүний эрх, нэр төр, амьдрал, амь нас хамгийн үнэ цэнтэй. Үүнийг хамгаалах буюу онолын мэдлэгээ хэрэглээ болгож, өөр, өөр нөхцөл бүр дээр тайлбарлаж хэрэглэх сэтгэлгээний тэр ур чадварыг би нэг төрлийн гоо үзэсгэлэн гэж тодорхойлно. Уран зохиол ч бас үүнээс хол зөрүүгүй болов уу”.
Алив бүхэн эхлэлтэй. Тиймээс энэ удаад номын талаарх ярианаас илүүтэй хуульч болох замын эхлэл нь хэрхэн тавигдаж, уг мэргэжлийг эзэмшээд диплом өвөртлөн гарч ирэхдээ ажиллах жимийнхээ эхэнд ямар дүртэй зогсож байсан талаар нь сонирхов. Харин Ч.Бат-Уянга хуульч мэргэжлийг сонгохдоо толгой мэдэн шийдвэр гаргажээ. Хүссэн сургуульдаа орсон ч хуульчид яг юу хийдэг талаар эхэндээ тодорхой ойлголтгүй байж. Харин оюутны ширээний ард хоног өдрүүд улирахын хэрээр зөв сонголт хийсэндээ эргэлзэхгүй болов. Тэр мэргэжилдээ дуртай, хайртай нэгэн. Хуульч мэргэжлээр сурч байгаа оюутнууд дунд нэгэн шог яриа байдаг гэнэ. Энэ нь нэгдүгээр дамжаанд бүгд л өөрсдийгөө Дээд шүүхийн шүүгч мэтээр төсөөлдөг ч яг төгсөх үедээ “гайгүйхэн шиг хуульч” болохыг хүсдэг гэх. Тэр ч мөн өөрөө ингэж л сэтгэж явснаа нуусангүй. Харин төгсгөлд нь ингэж хариулсан юм. “..Гэхдээ сурсан, дуулсан онолоосоо би орчноо өөрчилж чадна гэсэн итгэл дүүрэн байлаа”.
Магадгүй тэр өөрчилсөн, зарим тохиолдолд хүчрээгүй ч биз. Хамгийн гол нь үнэхээр л түүний бичсэн “Ахуй” номоос дээрх хариулт шиг өөрчлөх гэсэн чин хүсэл нь илэрхий байсныг ойлгов. Тэр дан ганц хөндүүр эсвээс дотно, ээнэг дурсамжуудаа хуваалцаагүй гэдгийг тус номыг гартаа барьсан уншигчид сайн мэднэ. Тэгээд би номын тухай дараагийнхаа асуултыг тавилаа. “Энэ ном бол эмэгтэй хүний зориг гэж хэлмээр санагдсан. Илчилсэн, бичсэн бүхэн үнэн үгүйг хэн ч мэдэхгүй ч хүмүүс тэгж л бодох юм шиг... Тэгтэл та тэр их эмзэглэлийг уудлахдаа, илчлэхдээ айсангүй…” Мэдээж өөрт мэдрэгдсэн тэр муйхар зоригоор, дотроос хатгасан үзлээр л асуусан боловч санаснаас минь эрс өөр хариултыг өгсөн билээ.
“Би амьдралдаа ердөө хоёрхон хүнээс л айдаг. Тэр нь миний ээж, аав хоёр. Орчлонгийн олон эцэг, эх хүүхдээ шаналаасай гэж хүсдэггүй шигээр олон үр хүүхэд эцэг, эхдээ шаналлаа харуулахгүйг хичээдэг. Гэтэл шаналах нь жам шүү дээ. Бусдаар бол хэнд, юугаа, хэзээ илчлэх вэ гэдгээс айж, хулчийх шаардлага байхгүй. Тэгэхээр миний “зориг” гэж нэрлээд байгаа зүйл бол ердөө л тэр хоёр хүний охины хувиар шаналлаа харуулах уу, үгүй юу гэдэг сонголт л юм. Яаж шийдсэнийг Та мэдэж байгаа”.
Тийм ээ, надаас гадна олон уншигч мэднэ. Хамгийн гол нь Ч.Бат-Уянга “Би ганцхан амьдралаар амьдарч үзсэн. Олдсон амьдрал минь би эмэгтэй учраас л “эмэгтэй хүний амьдрал” гэдэг ангилалд орчихсон хэрэг. Би эмэгтэй хүн мөн үү мөн, зориг гаргасан уу гаргасан. Гэхдээ хүйс маань нөлөөлсөн үү, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Эрэгтэй хүний зориг, эмэгтэй хүний зориг хэр ялгаатай юм бол? Зоригт хүйс байдаг болов уу? Та юу гэж бодож байна? Хүн бүр өөр өөрийнхөө аргаар л бичдэг. Миний хувьд амьдралыг гоёчлох эсвэл муучлах сонирхолгүй. Зөвхөн өөрийнхөө хувьд үнэн гэж үзэж буйг л бичихийг хүсдэг. Хэдүүлээ ер нь хэдий болтол үнэнийг үргэлж хөвөнд боож байх вэ, тийм ээ?”
Эерүү, хурц төгсгөлтэй атал үнэнийг шийдэмгий өчиж, шүүмжлэлт аяс шингээсэн хариулт. Би өөрөөсөө ичсэн. Эмэгтэй хүний зориг. Нээрээ би юу асуучихсан, эр зоригийн тухай ойлголтыг яагаад хүйсэд хуваачихсан хэрэг вэ гэх бодолд дарагдав. Гэвч миний доторх хандлага тийм л хөөрхийлөлтэй байж. Магад эр хүн эмэгтэйчүүдээс илүү зоригтой байдаг гэх бодол. Түүнийгээ хэн нэгний асуултаас тодорхойлж, өөрчлөлтөд чиглүүлэх хүсэл төрөв. “Ахуй”-г уншсаны дараах анх удаа төрсөн эдгэрлийн мэдрэмжийг ингэж зохиолчийн асуултад асуултаар хариу барьснаас үүдэж олов.

III.
Санагалзана, санана гэдэг ээнэгшиж, дассаны учир шалтгаан болов уу. Номын төгсгөлийн бүлгийн ихэнх бичвэр асуулт үлдээх ч, ээх халуун үгс нь дурсамжийн сайхныг, амьдрах шалтгаан өчнөөн байдгийг, сайн эцэг, аж төрөхүйн төлөө сарвайтал зүтгэж яваа мөрөөрөө амьтад бидний ахуйг тулж өндийлгөж, туучиж яваа нийгмийг бүтээлцэж байгааг сануулжээ. Харин ганц эмээгээ орхиод нуур луу үсэрчихсэн арван зургаатай охины талаар уншаад эмтрэв. Хамгийн гол нь хүмүүс ганц эмээгээ орхисныг нь шүүмжилж, тэр бүү хэл нутгийн захиргаанаас нуурыг аргадхаар болжээ. Гашуун биш гэж үү? Ч.Бат-Уянгын дуртай романыг бичсэн Г.Г.Маркес “Үргэлж үхэгсдийн талд зогсож бай” хэмээсэн байдаг. Нэгэнт сүнсээ хувилгачихсан нэгнээс хариуцлага нэхдэг болтлоо оюун сэтгэхүйгээ хогийн саванд шургуулаад хутгачихсан бидний нийгэм нүднээ зурайх шиг. Гол нь гашуудлаа охинд бус нууранд илэрхийлж байгаа сүсгийг хүртэл хэрхэн тайлбарламаар ч юм дээ. Халаглаж, харуусавч ямартаа ч уг ном үл мэдэг нэгэн найдварыг төрүүлээд байлаа. Тэгээд би удаан бодсоны эцэст ийм асуулт бичив. “Хүний амьдрал заримдаа нар гарах тоолонд гашуудал тэмтрэгдэх шиг цөхөрсөн мэдрэмжээр, дурсамжаар дүүрдэг шиг санагдана. Тэгэвч бид цөхөртлөө энэ амьдралаас зуурсаар байдаг. Тийм үеүдэд Та хэрхдэг вэ?” Асуултаа дахин нягтлах ч үгүй илгээх товч дарж орхилоо.
Бороо асгарсан энэ өдөр хөндүүрээ тэмтэрч, эдгэрлийг эрж суух мөчид дараагийн хариултыг зохиолч илгээв. Санаснаас минь өөр үгс нүдний өмнө дурайна. Хамгийн эхэнд тэр “Үнэнээ л хэлье” гэжээ. Чингэсний хойно аливаа асуудлыг туулахдаа одоо бол цөхөрсөн байна уу, цөхрөөгүй байна уу гэж өөрөөсөө шалгаадаггүй гэх. Дараа нь л цөхөрч дээ гэж бодохоос бус мөрөөрөө, зөнгөөрөө л туулаад гардаг хэмээжээ. Харин асуултаас үүдэж өнгөрсөнд тохиосон асуудлуудаа тунгааж үзсэн гэв. Тэгээд “Бодоход, би цөхөртлөө зуурах биш, цөхөрсөн ч зуурдаг төрлийн хүн бололтой. Зуурч чадаж буй бол арга нь олдоно”. Мэдээж хариулт энд хүрээд дууссангүй. Хүмүүс яагаад амьдралаас зуурсаар байдаг тухайд амьдрах хүсэл зөвхөн баяр баясгалан, аз жаргалаас төрдөггүй болохыг тодотгов. Зүгээр л “Арай ч ингээд дуусчхаж болохгүй байх аа” гэх энгийн бодол ч байж болно. Амьдрах шалтгаан гоё сайхан, эсвээс агуу том байх албагүй. Ер нь явж явж хүн бол амьтан. Амьд амьтанд амьдрах зөн үргэлж байдаг. Үүнийг үгүйсгэх хэрэггүй. Харин үүн дээрээ утга учир, харилцан хамаарал, шалтгаан нэмэх нэмэхгүйн тухайд өөр хэрэг хэмээснээр энэ удаагийн яриаг цэглэв. Эндээс ч мөн номын тухайд ахин нэгийг бодлоо. Тэнд бичсэн асуудлууд, эмзэглэл тээсэн өгүүлбэрүүд зөвхөн шарх төдий бус амьдрах итгэл ч болсон аж. Тиймээс л халаглам, хөндүүрийг уншсан ч ямар нэгэн найдвар төрөөд байж.
Найдварын утсаа л хүн тасалж болохгүй шиг санагддаг. Тэгэх аваас зуурах ч зүйлгүй болно. Тэр утас л хүнийг өндийлгөдөг юм шиг... Нэгэнтээ зориг орсных магад сэтгүүлчийн үүднээс ч ажигласан байж болох, хардлага төрөөд болохгүй байсан асуултыг түүнд тавихаар шийдлээ. “Зарим хүн танд хуульчийн тань үүднээс ханджээ. Гэхдээ сөрөг үр дагавар гарахаас шалтгаалж, буруу үйлдлийг сөрөн зогссон түүхүүд байна. Гэвч хүний өөрт тань итгэж ярьсныг ингээд биччихээр хүний эрхийн асуудал сөхөгдөх үү, үүнд Та өөрөө л хариулж чадах байх...”
Энэ удаад хариултыг уншигч танд үлдээе. “Надад бурууг сөрсөн түүх бий. Бурууг дэмжсэн түүх ч бий. Бурууг үйлдсэн түүх ч бий. Нуух юм байхгүй. Ажил дээрээ өдөржин авлигатай тэмцэх онолын шалтгааныг бичих атлаа хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд мөнгө цүнхлээд гарч ч байв. Мэргэжлийн хувьд зөрчил мөн үү мөн. Гэтэл хувь хүнийхээ хувьд энэ нийгэмд амьд үлдэх гэж үзэж тараад байгаа шүү дээ. Зөв шийдэл юу вэ? Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэх, төсвийн бодлогыг өөрчлөх, бодлогын нөлөөлөл хийх. Хийсээр ч ирсэн. Гэхдээ маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг сонгосон нь үнэн. Тогтолцоо шударга бус байгаа цагт хувь хүн иймэрхүү ёс зүйн зөрчилд байнга ордог. Үүнийг хэн нэгэн нь бичих л ёстой. Бид их бага, жижиг томын, учир шалтгаан, нөхцөл байдлын ялгаатайгаас биш бүгдээрээ авлигачин шахуу үндэстэн болчихлоо. Хүлээн зөвшөөрөөд цаашаа ахиц дэвшил рүү тэмүүлэх ёстой. Цаашдаа ингэж амьдармааргүй байна шүү дээ. Мэргэжлийн хувьд ямар зарчим баримтлах ёстойгоо би мэднэ ээ. Хувь хүний нууцад халдаагүй нь ойлгомжтой. Нөгөө талаар нэг түүхийн ард нэг хүн бий гэж ойлгож болохгүй. Нэг үйл явдлын ард олон хүний туршлага бий. Бидний ижилсэл энэ юм. Мөн би номоо “баримтат” гэдэг ангилалд огт оруулаагүйг анхаараарай”.
IV.
Ахуй гэж юу вэ? Өөрөөсөө ингэж асуумаар санагдав. Адуу усалж зогсохдоо аавыгаа учиргүй ихээр санадаг араншин минь тэр зүйлийн нөлөө юм сан уу. Ээж ч бас аавыг үгүйлдэг болов уу гэж санаашравч асууж зориглохгүй, ийм яриа хүний сэтгэлийг элсний ширхэг адил үйрмэг болгон эмтэлж эцэст нь хоосолж орхидог болохоор үргэлж дөлнө. Ээжийн мушгих гээд дийлэлгүй зогссон бүтээлэгний нөгөө үзүүрээс аав мойног хуруудаараа хэрхэн атгаж авсныг, уяа нь таарсан морио уралдаж чадалгүй ойчоод, улаан зулга нүүртэй түргэний машинаар хүргэгдэж ирэхэд өөрийгөө зэмлэж, өрцөө тасчиж зогссон тэр эрийг уучилж үнссэн минь хэдэн удаа бол гэж бодно. Өөрөөсөө асуух тусам ахуй тодорч, хөндүүр дурсамжууд тэмтрэгдэнэ. Харин “Ахуй” ном дахь “Дөрвөн цагийн аяс” нийтлэлээс сэтгэлдээ зүүж явсан шаналлынхаа эмгэгийг олж оношлов. Учир нь өсөж өндийсөн ахуй минь бидэнд үнэн ханджээ.
Ингээд би сүүлчийн асуултаа илгээлээ. “Ямартаа ч халгих шахсан хөндүүрээ Та дундалжээ, одоо яамаар байна?” Зохиолч төд удалгүй “Бусдын тухай бичмээр байна” гэсэн товч хариулт илгээжээ. Тэр өөрийнхөө тухай бичсэн. Харин одоо бусдын тухай бичнэ. Цонхон цаанаа бороо зөөлөн шивэрч, шил даган буух дуслууд итгэж болмоор олон сайхан учрал, амьдралд тэнцэж чадмаар өчнөөн яруу үйл байдаг шиг үй олон зам татуулан уруудна. Нөтбүүкний минь цэнэг дуусаж унтрав. Сэтгэл хөнгөрчээ. Уйлмаар итгэл төрнө.