
Монгол Улсын энэ оны төсөвт ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоор 240.3 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс (амнат) 2,186.9 тэрбум төгрөг, нийтдээ 2 их наяд гаруй төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж, сангийн хөрөнгийг өсгөж арвижуулахаар тусгасан. Ингэснээр нийтдээ баялгийн сангийн хөрөнгө 2026 он гэхэд 5.7 их наяд төгрөгт хүрнэ гэж засгийн газар төсөөлөн төлөвлөжээ.
Хадгалаад байгаа юм шиг, үрэх гээд байгаа ч юм шиг энэ мөнгөнд уг нь 2030 он хүртэл хэн ч гар хүрэхгүй гэсэн хуультай. Гэсэн хэдий ч хуулиа эргүүлж тойруулж, засаж янзалсаар хэд хэдэн удаа хэрэглэсэн. УИХ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Үндсэн хуульдаа Монгол Улсын иргэд тэгш эрхтэй гэж заасан байдаг гээд үүнийгээ ирээдүйн иргэд энэ сангийн үр шимийг хүртээд, өнөөдрийн бид хадгалаад хараад суух нь “хууль бус” гэсэн шалтгаан хэлнэ лээ. Эхлээд сонсоход тийм ч юм шиг хэрнээ, ухаад бодвол бас үгүй ээ.
Монгол Улсын Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн 3 бүрэлдэхүүнээс бүрдэнэ. Ирээдүйн өв сан нь байгалийн баялгийн үр өгөөжийг хуримтлуулж, 2030 он хүртэл олон улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийн, ирээдүй үедээ өвлүүлэх урт хугацааны хуримтлал юм. Сангийн эх үүсвэр нь АМНАТ-ын 65% болон ногдол ашиг байна.
Ирээдүйн өв сан: Байгалийн баялгийн үр өгөөжийг хуримтлуулж, 2030 он хүртэл олон улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийн, ирээдүй үедээ өвлүүлэх урт хугацааны хуримтлал.
Хуримтлалын сан: Иргэн бүр нэрийн данстай байж, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бэлэн бусаар зарцуулах хязгаарлагдмал сан.
Хөгжлийн сан: Бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, том төслүүдийг санхүүжүүлэх зорилготой.
Олон улсын банканд хадгалуулж буй энэ хуримтлалын үр шимийг өнөөдөр хөдөлмөрлөж, бизнес эрхэлж буй иргэд бид төдийгүй улс орноо удирдаж яваа тэд ч хүртэж буйгаа анзаардаггүй бололтой.
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг шат ахиулж, “BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд зарласан. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрсэн юм. Мөн Fitch Ratings агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан бол Moody’s үнэлгээгээ нэг шат ахиулж “B2, Тогтвортой”-гоос “B1, Тогтвортой” болгон сайжруулсан юм. Тэгвэл S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан ахиулж, өмнөх “B+, эерэг” үнэлгээг “BB-, Тогтвортой” болгон сайжруулсан. Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурна. Мөн банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтойг албаны хүмүүс ам уралдан ярьдаг. Мэдээж Засгийн газрын хэрэгжүүлсэн өрийн менежментээс гадна нөлөөлсөн нэг чухал хүчин зүйл нь Ирээдүйн өв сангийн хуримтлал. Мэдээж Төсвийн тогтворжуулалтын сан ч хувь нэмрээ оруулдаг. Монгол Улсын санхүүгийн хөрөнгө энэ хоёр сангийн хуримтлал дээр төвлөрч cash bufferийн үүрэг гүйцэтгэж байж зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлсэн.
Монгол Улсын мөнгөн урсгалын 90 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын экспорт буурвал, үнэ нь унавал, валютын дарамт үүсвэл хэдий хэмжээний cash buffer-тай байна, тэр нь ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэж байна гэдгээс шалтгаалаад бидний эрсдэлээ даах чадамж, тэсч үлдэх хугацаа тодорхойлогдоно. Үүнийг л зээлжих зэрэглэл тогтоогчид шалгаж, тооцоолдог. Нэмээд нийт гадаад өрөөс хасаад “цэвэршүүлсэн” өр маань ДНБ-ийнхээ нийт хэдэн хувьд хүрч байгаа юм гэсэн шалгуур ч мөн нэмэгддэг. Зээлжих зэрэглэлээ ахиулахдаа Засгийн газар санхүүгийн цэвэр өрөө ДНБ-ийнхээ 30%-д хүргэнэ гэсэн амлалтдаа өнгөрсөн жил хүрсэн. Нэмээд Ирээдүйн өв санд бодитоор Монгол Улсын ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх хуримтлалыг бий болгосон.
2026 онд Засгийн газар “Сentury 5” бонд гаргасан. Өрийг өрөөр дарлаа гэж шүүмжлүүлдэг ч олон улсын зах зээлээс босгосон өмнөх өндөр хүүтэй бондуудаа сүүлд гаргасан бага хүүтэй бондуудаар солих ажил Засгийн газрын хийсэн зөв алхмуудын нэг. Нийт 500 сая ам.долларын “Century 5” бонд өнгөрсөн жил гаргасан “Century 4”-өөс 0.32 хувиар бага хүүтэй нь эдийн засгийн нөхцөл дээрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдснийг илтгэнэ. “Century 5”-ийг 6 жилийн хугацаатай, 5.95% хүүтэй бондоор энэ онд төлөгдөх “Nomad” бонд (5.125% хүүтэй), 2028 онд төлөгдөх “Century 2” бонд (8.65% хүүтэй)-ын 321.6 сая ам.долларыг буцаан худалдаж авах өрийн зохицуулалтыг хийжээ. Хольж сольсон, буцаан худалдан авсан замбараагүй мэт энэ бондын арилжааны жинхэнэ ашиг нь хүүгийн зардлыг хэмнэсэн явдал юм. Тодруулбал, 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондыг бага хүүтэй бондоор сольсноор 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэсэн гэсэн үг. Хүүг 5.95 хувь болгож бууруулснаар Benchmark буюу суурь хүү багассанаар хувийн салбарууд, өнөөх мега төслүүдээ санхүүжүүлэх суурь хүү нь мөн даган багасав.
Ингээд үзэхээр Баялгийн сан (Ирээдүйн өв сангийн хуримтлал)-ийн өнөөдрийн бидэнд өгч буй үр ашиг нь нийгмийн өртөг зардлыг бууруулах явдал нь юм байна. Нийгмийн өртөг зардал буурснаар өнөөх дэд бүтцийн шинэчлэл болох зам тавих, станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр дулаан, цахилгааны станц барих, нийгмийн хамгааллын бодлогоо оновчтой болгож инфляцыг намжаах, түгжрэл агаарын бохирдлоо бууруулах гээд нийгэм, эдийн засгийг өсөлтийг дэмжих бодлогуудаа хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм байна.
Төр хамгийн муу менежер, Монголын төр маш муу менежер гэдгээ олон жишээгээр харуулсан. Тиймдээ ч Баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулагч нь төр, төрийн ямар нэг оролцоотой газар болох учраас л учир мэдэх хүмүүс эсэргүүцдэг хэрэг. Тэрнээс улстөржсөн хувь нь хамаагүй бага. Нэгэн жишээ. 2026 оны улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг. Харин ТӨХК-иуд улсын нийт өрийн бараг 24 хувийг эзэлж байгаа юм. ТӨХКиудын нийт өрийн 64% буюу 7.2 их наяд нь богино хугацааны өр буюу нэг жилийн дотор төлөх ёстой өр байна. Тэрхүү богино хугацааны өр төлбөр болох 7.2 их наядын 3 их наяд төгрөг нь урьдчилж авсан орлого бол 0.2 их наяд нь үнэт цаасны өр төлбөр.
Өөр нэг жишээ. Хөгжлийн банкны нийт активын 55 хувь нь чанаргүй зээл. Ийм үзүүлэлттэй байгууллагыг гаднын хөрөнгө оруулагч үнэлэх юм бол эрсдэлийн түвшин ямар гарах нь ойлгомжтой.
Санаачилсан бүхнээ л хуульчилна гэж “хамгаалдаг” болж. Үнэндээ хуульдаа хэрхэн заасан нь тухайн хууль батлагдаж буй хугацааны л зүйл болохоос хөдлөшгүй баримт биш билээ.
Засаглал тогтворгүй манай улсын хувьд бүх зүйл дагаад тогтворгүй байдаг нь харин баримт. Эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдал сайжрахад нөлөөлж буй үлдсэн ганц сангаа хадгалаад, ирээдүйдээ хөрөнгө оруулья л даа, гуйж байна.
Бид зөвхөн өнөөдөр амьдраад дуусахгүй, Монгол Улс хөгжиж, бидний ирээдүй болсон хүүхэд, залуус сайн сайхан амьдрах эрхтэй шүү дээ. Cash buffer болж буй хөрөнгийнхөө тал шахам хувийг эзэлж буй сангийн мөнгөө үр ашиггүй зарцуулснаар зээлжих зэрэглэлээ бууруулчихвал дайн дажин намжих нь бүү хэл нэмэгдэж, геополитикийн эрсдэлд дэлхий нийтийг хамраад буй цөвүүн цагт хэний тусламж дэмжлэгт найдах билээ?