Унгар улсын нийслэл Будапешт хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ.

Өнөө шөнө эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорно. Манай улсаас өнөөдөр ганц жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Хүдэрчулуун бий. Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 17.30 цагаас эхэлнэ.

“Будапешт 2025” ДАШТ-ийг Япон улсын баг зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт 11 медальтайгаар итгэл төгс тэргүүлж байна. Франц, Гүрж, Олон улсын жүдо бөхийн холбоо /ОХУ/, Итали улсын баг нэг алтан медальтайгаар удаалж байна.

93 орноос 19 орон ямар нэгэн медаль хүртжээ. Монголын баг xоёр хүрэл медальтайгаар Азарбайжан, Герман улсын хамт 12-р байрт бичигдэж байна.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Х.Ёолк, эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч нар хүрэл медаль хүртсэн. Х.Ёолк анх удаа ДАШТ-д өрсөлдөхдөө медальт байранд шалгарсан. Харин шигшээ багийн тамирчнаар олон жил явсан Б.Ганхайч найм дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож дэлхийн медальтан болсон. Тэрээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд олимп, дэлхийн аварга Бразилын алдарт бөх Рафаэль Силваг ялж жүдог сонгосон мөрөөдлөө биелүүлсэн юм.

Б.Ганхайчын тэмцээн дуусаагүй байгаа. Тэрээр зургаадугаар сарын 20-д болох холимог багийн барилдаанд барилдана.