72 дахь удаагийн “Miss World” дэлхийн гоо бүсгүйн титмийн эзнийг тодруулах тэмцээн Энэтхэгийн Хайдарабад хотод 20 хоногийн турш явагдаж өнгөрөгч долоо хоногт дүнгээ гаргалаа.

108 орны гоо бүсгүйчүүдээс Тайландын гоо бүсгүй Опал Сучата Чуангсри түрүүлж дэлхийн миссийн титмийн эзнээр тодорлоо.

72 дахь удаагийн “Miss World” тэмцээний дэд байранд Этиопын гоо бүсгүй Хассет Дереже Адмассу шалгарсан.

Тайланд улсын гоо бүсгүйчүүдээс анх удаа “Miss World” тэмцээнийг хүртсэн Опал Сучата Чуангсри 16 насандаа хөхний хорт хавдар тусаж байжээ. Энэ нь түүнд хүнд сорилт болсон ч мэс заслын үр дүнд амжилттай даван туулж чадсан юм. 

Улмаар Опал Сучата Чуангсри хөхний хорт хавдрын талаар мэдээлэл түгээж, эмчилгээний зардалд хандив цуглуулах "Opal for Her" төслийг эхлүүлсэн байна.  

Опал Сучата Чуангсри  2024 онд "Miss Universe Thailand" тэмцээнд түрүүлснээр өөрийгөө нээж чадсан. Мөн Тайландын элч төлөөлөгч миссээр тодорч “Miss World” тэмцээнд оролцох болсон нь дэлхий дахинд өөрийгөө нээж чадах том боломж байсныг хэлж байв.

21 настай Опал Сучата Чуангсри хятад хэл судлахын зэрэгцээ улс төр, олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг. 

72 дахь удаагийн “Miss World”-д Монголоос үндэсний ялагч мисс Б.Эрдэнэсувд оролцсон. Түүний хувьд урьдчилсан шатны шалгаруулалтад амжилттай оролцсон ч Топ-40-д багтаж чадсангүй.

Ташрамд сонирхуулахад, “Miss World” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монголын мисс А.Баярцэцэг ТОП 11-т шалгарсан амжилтыг 2016 онд үзүүлж байжээ. Энэ нь манай миссүүдийн “Miss World”-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.