Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байна. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа бөгөөд дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсжээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ.