
“Дакар 2026” залуучуудын зуны олимпын IV наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд нийт 10 тамирчин оролцох эрх биелүүлжээ. Тодруулбал, сагсан бөмбөг, усанд сэлэлт, бокс, дугуй, жүдо болон элсний бөхийн төрлөөр манай тамирчид өрсөлдөхөөр болсон байна. Залуучуудын наадамд өрсөлдөх эрх авсан тамирчид болон дасгалжуулагчийг МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзжээ. Мөн тус наадмын мэдээлэл болон бэлтгэл ажил хангах, зохион байгуулалтын мэдээллийг өгсөн байна.
Сенегал улсын Дакар хотноо залуучуудын зуны олимпын IV наадам 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ наадам Африк тивд болох анхны Олимпын наадам гэдгээрээ онцлогтой болох юм. Манай улсын өсвөр, залуучуудын шигшээ баг “Сингапур 2010” анхдугаар наадмаас эхлэн оролцсон бөгөөд гимнастикаар Г.Эрдэнэболд, чөлөөт бөхөөр Б.Батцэцэг нар анхны алтан медалийг хүртэж байв. Үүнээс хойш чөлөөт бөхийн төрлөөс Б.Дөлгөөн /Наньжин-2024/ мөнгө, Т.Оюун-Эрдэнэ /Буэнос-Айрес-2018/ хүрэл, жүдо бөхийн төрлөөс Г.Тэмүүжин, Л.Сосорбарам / Буэнос-Айрес-2018/ нар мөнгөн медаль хүртжээ.
