
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны ДАШТ-ий үеэр дүрэм зөрчсөн Аргентины хөлбөмбөгийн холбоо (AFA) болон хэд хэдэн тоглогчийн эсрэг албан ёсоор сахилгын хэрэг нээснээ мэдэгдлээ.
Аргентин хагас шигшээ тоглолтод Английг хожсоны дараа зарим тоглогч нь Их Британийн эзэмшилд байдаг ч нутаг дэвсгэрийн маргаантай гэж үздэг Фолклендийн арлуудын тухай “Las Malvinas son Argentinas буюу Мальвины арлууд бол Аргентиных” гэсэн бичиг барин баяраа тэмдэглэсэн юм. FIFA-гийн сахилгын дүрэмд спортын арга хэмжээг улс төрийн зорилгоор ашиглахыг хатуу хориглодог тул уг үйлдлийг журам зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Плакатын асуудлаас гадна ДАШТ-ий үеэр хөгжөөн дэмжигчдийн гаргасан арьсан өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл, тоглолтын цаг хоцроосон, аюулгүй байдлын протокол зөрчсөн болон талбай руу эд зүйл шидсэн зэрэг бусад зөрчлүүдийг шалгаж байна.
Аргентин шигшээ тоглолтод Испанийн багт 1-0-ээр хожигдсоны дараа талбай дээр өрсөлдөгчдөө хоргоож, зодоон үүсгэсэн тоглогч Леандро Паредес, Науэль Молина, дасгалжуулагчийн туслах Роберто Аяла нарыг бусдын биед халдсан зүйл ангиар буруутгаж, Тиаго Альмада болон Испанийн хагас хамгаалагч Гави нарыг спортын бус үйлдэл гаргасан гэж үзэн тусдаа хэрэг нээгээд байна.
FIFA-гийн Сахилгын хорооноос холбогдох талуудад тайлбар өгөх боломж олгосон бөгөөд эцсийн шийдвэр гарсны дараа торгууль болон тоглох эрх хасах шийтгэлүүдийг оногдуулахаар төлөвлөжээ.