
Канадын Торонто хотноо зохион байгуулагддаг олон улсын зохиолчдын наадам өнөөдөр эхэлж байна. Тус наадам ирэх сарыг 1-ний өдрийг хүртэл Торонтогийн их сургуулийн Виктория коллежид зохион байгуулагдана. 47 дахь удаагаа болж буй тус наадам энэ жил таван өдрийн турш 100 гаруй арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зохиолч, яруу найрагч, сэтгэгчдийг уншигчидтай уулзуулах юм.
Энэ жилийн оролцогчдын дунд Пулитцерийн шагналт зохиолч Дэйв Эггерс, Букерын шагналт Дэвид Сзалай, зохиолч Барбара Кингсолвер, Мари Ндиайе, Патрик деВитт, Анн-Мари Макдональд зэрэг уран бүтээлчид багтжээ. Наадмын хөтөлбөрт зохиолчдын ярилцлага, шинэ номын танилцуулга, уран зохиолын уншлага, бүтээлч бичлэгийн сургалт, мастер ангиуд багтаж байгаа бөгөөд зарим арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулна.
Канадын хамгийн том, хамгийн удаан хугацаанд зохион байгуулагдаж буй утга зохиолын наадмуудын нэг болох тус арга хэмжээ нь зохиолчид өөрсдийн бүтээл, үзэл санаагаа олон улсын уншигчдад хүргэх, улс орон, хэл соёлын ялгааг уран зохиолоор дамжуулан холбох зорилготой. Мөн уншигчдад дэлхийн утга зохиолын шинэ чиг хандлага, шинэхэн бүтээлүүдтэй танилцах боломж олгодгоороо онцлог юм.