
Японы Токио хотын ойролцоох Ичикава хотын амьтны хүрээлэн интернетэд шуугиан тарьсан бяцхан сармагчин Панчийг бусад сармагчингууд дээрэлхэж байгаа гэх шүүмжлэлийг няцаажээ.
Долоон сартай япон макака сармагчны монш Панч нь эхдээ хаягдсан бөгөөд амьтны хүрээлэнд амьдарч байгаа. Тэр IKEA брэндийн чихмэл орангутан тоглоомоос зуурч байгаа дүрс бичлэг цахим орчинд тарснаар дэлхий даяар “алдаршиж” хайрлагдсан. Зарим бичлэгт түүнийг бусад сармагчингууд хөөж байгааг харуулсан боловч дараа нь сармагчингуудын сүрэг түүнийг хүлээн авч асарч байгаа нь мөн бичигджээ.
Амьтны хүрээлэн хоёрдугаар сард Панчийг “олон удаа бусад сармагчин зандарсан ч ноцтой дайралт хийгээгүй” гэж мэдэгдэж байв. Гэвч сүүлд дахин сармагчингууд түүнийг хөөж байгаа бичлэгүүд интернетэд тарж, хүмүүсийн санаа зовнилыг дахин нэмэгдүүлжээ.
Гуравдугаар сарын 10-нд гаргасан мэдэгдэлдээ амьтны хүрээлэн “Япон болон гадаадын олон хүнээс санаа зовсон санал ирсэн” гэж дурдсан.
Тэд тайлбарлахдаа “Япон макака сармагчингууд маш хатуу шаталсан нийгмийн бүтэцтэй. Дээд байр суурьтай сармагчингууд доод байр суурьтай гишүүддээ “сахилга бат тогтоох үйлдэл” хийдэг. Энэ зан үйл нь хүний хүчирхийлэлтэй адил биш” гэдгийг онцолжээ.
Мөн Японы приматологичид (сармагчин судлагч эрдэмтэд) 1948 оноос хойш Японы уугуул сармагчингуудын зан байдал, нийгэм, экологийг судалж ирсэн бөгөөд ийм “сахилга бат тогтоох” зан үйл нь байгалиасаа байдаг, зөвхөн Панчийн сүрэгт тохиолдож буй зүйл биш гэжээ.
Амьтны хүрээлэн Панч “өдрийн ихэнх цагийг тайван өнгөрүүлдэг” бөгөөд түүнийг чиглэсэн сахилгын үйлдэл байнга гардаггүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн Панчтай тоглох, асрах сармагчингуудын тоо нэмэгдэж байгаа аж. Үүний улмаас Панчийн чихмэл тоглоомоос хол байх хугацаа нь ч уртасчээ. Гэсэн ч зарим “өндөр зэрэглэлтэй” сармагчингууд түүнд илүү олон удаа түрэмгий хандсан тул амьтны хүрээлэн гуравдугаар сарын 8-нд тэднийг “түр хугацаагаар сүргээс салгасан” байна. Тэднийг тодорхой хугацаанд ажиглах аж.
Амьтны хүрээлэн “Одоогийн байдлаар Панчийн амь насанд нь аюул учруулахуйц байдлаар довтолсон нотолгоо байхгүй” гэдгийг мэдэгдээд хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг татаж зочдынхоо тоог нэмэгдүүлэх зорилгоор арчилгааны арга барилаа өөрчлөх бодол байхгүй гэжээ.
Зарим хүмүүс Панчийг сүргээс тусгаарлахыг санал болгосон. Гэвч амьтны хүрээлэн “Панч энэ сүрэгт амьдарч дассан. Одоо салгавал тэр хэзээ ч буцаж нэгдэх боломжгүй болж, насан туршдаа ганцаараа амьдрах эрсдэлтэй” гэдгийг тайлбарласан байна.
Харин амьтны эрхийн байгууллага PETA энэ асуудлыг шүүмжилжээ.
PETA-ийн Азийн бүсийн ерөнхийлөгч Жэйсон Бэйкер “Амьтны хүрээлэн бол амьтдын хоргодох газар биш. Тэднийг эрх чөлөөгүй, байгалийн орчноос нь салгаж хорьж байдаг газар” гэсэн юм.
Мөн интернетэд алдартай болох нь амьтны олзлогдсон амьдралын бодит байдлыг өөрчилдөггүй гэж нэмж хэлсэн байна.