ОХУ-ын Пермь хотын П.И.Чайковскийн нэрэмжит Дуурь бүжгийн театр, ОХУ-ын Екатеринбург (Свердловск) хотын Уралын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Т.Энхбат (баритон) Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо.

Дуурийн дуучин Т.Энхбат нь 2009-2014 онд ОХУ-ын Санк-Петербург хотын Н.Римский-Корсаковын консерваторыг хөгжмийн театрын жүжигчин (дуурийн дуучин) мэргэжлээр төгсөөд 2014 оноос аспирантурт сурч байх хугацаанаас эхлэн Санк-Петербург хотын Марийнский театрын залуу дуурийн дуучдын академи (академия молодых оперных певцов), 2017 -2019 онд Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаад Пермь хотын дуурийн театрт 2019 онд уригдан өнөөг хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байна.

Мөн 2022 оноос Уралын дуурь бүжгийн эрдмийн театрт урилгаар дуулдаг байж байгаад 2024 оноос тус театрын үндсэн гоцлол дуучнаар давхар ажиллаж байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын бусад хотуудын театруудад жүжиг болон концерт, тоглолтуудад тогтмол уригдан ажилдаг.

Т.Энхбат нь ОХУ болон Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн Монгол Улсын шилдэг баритонуудын нэг бөгөөд гэргий С.Батчимэг (ОХУ-н Уралын Дуурийн бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин)-ийн хамт эх орныхоо нэрийг алдаршуулан яваа залуу гэр бүл юм.

Мөн тэрээр уртын дуучин, ардын жүжигчин Ц.Түвшинжаргалын хүү бөгөөд удам залгасан уран бүтээлч юм.  

Уран бүтээл

П.И Чайковский “Евгений Онегин”

Ж.Верди “Набукко”

Ж.Верди “Бал Маскарад”

Ж.Пуччини “Тоска”

Н. Римский-Корсаков “Царская невеста”

А.Бородин “Князь Игорь“

В.А.Моцарт “Дон Жуан”

И.Ф. Стравинский “Похождения повесы»

Р.Вагнер “Летучий Голландец”

Ж.Бизе “Кармен” зэрэг дэлхийн сонгодог дууриудад гол дүрийг бүтээж яваа уран бүтээлч юм.