
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж тивийн аваргууд тодорлоо. Урд хөршийн ӨМӨЗОрны Ордост хотод болсон тэмцээнд 19 орны жүдочид өрсөлдсөнөөр ирэх есдүгээр сард болох Азийн наадмын өмнөх нэг сорилтыг хийлээ. Багийн дүнгээр Монгол Улсын баг тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Тажикистан, БНХАУ, Хойд Солонгос, Бахрейны багууд эхний тавд бичигдлээ. Энэ тэмцээнээс Япон улсын баг хоёр хүрэл, Энэтхэг нэг хүрэлтэйгээр 11-12-р байрт жагссан. Мөн өчигдөр өндөрлөсөн холимог багийн барилдаанд Монгол Улсын баг түрүүлж, Казахстан удаалав.
Монгол Улсын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд 18-20 настай залуу тамирчид багтаж тэд тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилтыг үзүүлсэн юм.
48 кг - Ж.АНУДАРЬ ТИВДЭЭ АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ жинд 19 настай гурван жүдоч барилдсаны нэг нь өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Ж.Анударь байсан юм. Тэрээр хамгийн залуу тамирчдын нэг байсан ч тивийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарч түрүүллээ. Ж.Анударь анх удаа тивдээ түрүүлсэн. 2024, 2025 онд насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож гурван ч тэмцээний хойно гарсан түүний хувьд энэ жилийн тивийн тэмцээнд онцгой амжилтыг гаргалаа. Монголын эмэгтэй жүдочдын олимп, дэлхийн медальтнууд тодордог энэ жин бол хэдийнэ анхаарлын төвд байдаг. Тэгвэл жингийн өрсөлдөгчдийн дунд Ж.Анударь ороод ирлээ. Монголын багийн эхний алтан медалийг тэр авчирсан юм.
52 кг -М.НАНДИН-ЭРДЭНЭ ТИВДЭЭ ӨНГӨЛӨВ
Энэ жинд Монголын олон жүдоч барилддаг. Учир нь Арабын нэгдсэн Эмиратын улсын нэрийн өмнөөс тивийн аварга Б.Хорлоодой барилддаг учир манай бөхчүүд хоорондоо таарах тохиолдол бий. Энэ удаа Б.Хорлоодой А хэсгийг тэргүүлсэн ч хагас шигшээд ялагдсанаар тавдугаар байр эзэлсэн. Харин 20 настай М.Нандин-Эрдэнэ гурван ялалт дараалан авснаар тивийн аварга боллоо. Тэрээр өнгөрсөн онд насанд хүрэгчдийн гурван ч том тэмцээнд барилдаж эх орондоо зохион байгуулагдсан “Их дуулга”-с мөнгөн медаль хүртсэн юм. Энэ удаагийн Монголын багийн хамгийн их анхаарал татсан 52 кг-ын жинг тэр тивдээ тэргүүлж чадлаа. Түүний дараагийн тэмцээн ирэх тавдугаар сард болох Тажикистаны “Их дуулга” аж.
63 кг- НАЙДАР АЛДДАГГҮЙ Г.ЭНХРИЙЛЭН
57 кг-ын жинд барилдаж өөрийн гол амжилтуудаа үзүүлсэн гавьяат тамирчин Г.Энхрийлэн өнгөрсөн жилээс эхлэн жин өгсөж 63 кг-д барилдаж байна. “Парис-2024” зуны олимпын наадамд долоодугаар байр эзэлсэн түүний хувьд одоо 63-ын гол төлөөлөл болсон.
2026 оныг Парисын “Их дуулга”-д мөнгөн медаль хүртэж эхлүүлсэн Г.Энхрийлэн энэ жилийн тивдээ торолгүй түрүүллээ. Мөн тэрээр холимог багийн төрөлд шигшээ багийн бүрэлдэхүүний хамгийн чухал ялалтыг авсан. Монгол-Узбекистаны хожил 3:3 тэнцэж улмаар дараагийн шийдвэрлэх барилдаанд Г.Энхрийлэн ялалт байгуулснаар 4:3-аар финалд шалгарсан юм. Улмаар Монголын баг Казахстаны жүдочдыг 4-0-оор ялж тивийн аварга боллоо.
ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, тивийн хошой аварга Г.Энхрийлэнгийн дараагийн тэмцээн мөн Тажикистанд болох “Их дуулга” юм байна.
ХАМГИЙН ЗАЛУУ ТАМИРЧИН Т.АРИНУНЗАЯА ДАХИН ФИНАЛД ШАЛГАРЛАА
57 кг-ын жингийн хамгийн залуу тамирчин бол өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа. Энэ жил 18 настай тэрээр 2024 онд Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэнээр өөрийгөө харуулж чадсан.
Т.Ариунзаяа энэ жилийн тивийн тэмцээний гурван ялалтын дараа Хойд Солонгосын Ким Хёонтой финалд таарсан. Энэ барилдаанд 23 настай Ким ялалт байгуулж тивийн аварга болсон манай тамирчин мөнгөн медаль хүртлээ.
Т.Ариунзаяа хоёр жил дараалан тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж өнгөрсөн жилийн амжилтаа давтлаа. Мөн энэ жил холимог багийн бүрэлдэхүүнд багтаж алтан медаль хүртсэн. Түүнийг ирэх сард Тажикистанд болох “Их дуулга”-д барилдуулахаар болжээ.
“Ордос 2026” тэмцээнийг Монгол Улсын баг гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэргүүллээ. Мөн холимог багийн барилдаанд Монгол Улсын баг түрүүлж төрийн дууллаа дөрөв дэх удаагаа эгшиглүүлэв.
