
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад АИ92 төрлийн бүтээгдэхүүн 71552 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. АИ-95 төрлийн бүтээгдэхүүн 3965 мянган тонн буюу 44 хоногийн хэрэглээний нөөцтэй. Дизель түлшний хувьд 106683 тонн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа. Нийгэмд ОХУ-тай холбоотой шатахууны хомсдол нүүрлэх, үнэ нэмэгдэх гэхчлэн буруу ташаа мэдээллүүд гарч байгаад залруулга өгч байна. Манай дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаа ч хомсдол нүүрлэх зүйл байхгүй. Мөн үнэ нэмэгдэх нөхцөл байдал одоогоор үүсээгүй.
АИ92 бүтээгдэхүүний тухайд ОХУ-тай байгуулсан 705 ам.доллараар тогтмол нийлүүлэх гэрээний нөхцөл дээр гурван сар тутам үнэ 30 хувиас дээш нэмэгдсэн тохиолдолд үнийг эргэж харна гэсэн гэрээтэй. Наадмын өмнө болон наадмын үеэр үнэ нэмэх, тасалдал, хомсдол бий болох нөхцөл бий болоогүй. Наадмын дараа 20-ноос хойш үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдана. Энэ зөвлөлийн хурлаар тодорхой хэмжээний зарим төрлийн бүтээгдэхүүн дээр үнэ бууруулах, зарим дээр нь үнэ нэмэгдэх асуудлыг эргэн хэлэлцэнэ.
ОХУ-д бол тодорхой хэмжээний тасалдал бий болсон, үнэ нэмэгдсэн байдалтай байгаа. Гэхдээ ОХУ гэрээний нөхцөлөө баримтлаад явна. Хоёрдугаарт, БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуй нэгж компаниуд нь захиалгаа өгчихсөн байгаа. Мөн БНСУ-аас дизель түлш авах гэрээ хэлэлцээрийг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд, эхнээсээ бүтээгдэхүүн ачигдахад бэлэн болсон. Бид хоёрдогч, гуравдагч хөршөөсөө газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн бодлогын ажлыг хийгээд явж байна" гэв.