
Сирийн Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээ зэрэг хэд хэдэн хэлэлцээр байгуулах ёслолд оролцлоо. Мөн Саудын Араб Сирийн эрчим хүч, орон сууц, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт 403 сая ам.доллараас дээш хэмжээний зээл олгохоор тохиролцсон байна.
Эдгээр хэлэлцээрт аш-Шарааг нэг сарын хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа Эр-Риядад айлчлах үеэр буюу лхагва гарагт гарын үсэг зуржээ.
Йеменд хуситуудын эсрэг дахин өрнөж буй дайны хүрээнд Саудын Араб батлан хамгаалах болон довтолгооны чадавхаа нэмэгдүүлэхийн тулд АНУ, Европын болон Ойрхи Дорнодын орнуудаас дэмжлэг хүсэх болсон. Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газартай холбоотон хүчнүүдтэй тус улсын хяналтыг тогтоохын төлөө тэмцэж буй хуситууд Саудын Арабын нисэх буудал, газрын тосны байгууламжуудад халдлага үйлдэж байсан юм.
Бүс нутгийн хурцадмал байдал
Сирийн Гадаад хэргийн яам X нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ аш-Шараа болон хунтайж Мохаммед нар Эр-Рияд дахь уулзалтынхаа үеэр “бүс нутгийн болон олон улсын өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар хэлэлцсэн гэжээ. Тухайлбал, цэргийн хурцадмал байдал нэмэгдэх нь бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын усан тээврийн аюулгүй байдал, эрчим хүчний нийлүүлэлтийн найдвартай байдал болон дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх асуудлыг хэлэлцсэн аж.
Хоёр удирдагч хурцадмал байдлыг намжааж, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалжээ. Мөн Улаан тэнгис, Баб-эль-Мандебийн хоолой болон Ормузын хоолойд “далайн навигацийн аюулгүй байдалд заналхийлж буй бүх үйл ажиллагааг нэн даруй зогсоох”-ыг уриалсан гэж мэдэгдэлд дурдсан байна.
Сирийн улс төр судлаач Ахмед Кассем Al Jazeera-д ярилцлага өгөхдөө аш-Шараагийн “ийм богино хугацаанд хоёр дахь удаагаа айлчилж байгаа нь бүс нутаг төдийгүй Сирид тулгарч буй аюулгүй байдлын сорилтууд ямар цар хүрээтэй байгааг харуулж байна” гэжээ. Тэрбээр Сири улс Меккагийн эвсэлд нэгдэх ёстой гэж үзсэн байна. Учир нь тус улсад бүрэн эрхт байдлаа хамгаалах, Израилийн нутаг дэвсгэрт нь улам бүр гүнзгийрч буй нөлөөлөл, түрэмгийллийг тогтоон барих “тогтоон барих хүч” шаардлагатай гэж тайлбарлажээ.
Аш-Шараагийн айлчлалын үеэр Саудын Арабын Хөгжлийн сан Сирийн Сангийн яамтай байгуулсан зургаан хэлэлцээрийн хүрээнд 403 сая ам.долларын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор тохиролцсон тухай Саудын Арабын албан ёсны хэвлэл мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Уг зээлийн хүрээнд:
Түүнчлэн хоёр улсын Засгийн газар аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулсан бөгөөд үүнээс гадна хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр тус бүр нэг санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Башар аль-Асад 2024 оны арванхоёрдугаар сард түлхэн унагаагдсаны дараа аш-Шараа засгийн эрхэнд гарснаас хойш Саудын Араб Сирийн шинэ засгийн газрын гол дэмжигчдийн нэг болжээ. Хоёр улсын удирдагч хамгийн сүүлд аравдугаар сарын 6-нд Эр-Рияд хотод уулзсан.