
Ливийн Бенгази хотын боомтод зогсож байсан Оросын байлдааны хөлөг ням гарагийн үүрээр Украины тэнгисийн дроны халдлагад өртөн живжээ.
Ливийн зүүн хэсгийн засгийн газрын албаныхны мэдээлснээр, Оросын Тэнгисийн цэргийн хүчний корветт ангиллын Merkury хөлөг шатахуун нэмж, хангамж авахаар зогссон үед халдлагад өртөж, их хэмжээний гэмтэл авсан байна.
Анхны мэдээллээр Украины тэнгисийн хэд хэдэн дрон хөлөг рүү чиглүүлжээ. Дор хаяж дөрвөн дроныг замд нь устгасан бол хоёр нь байлдааны хөлөгт хүрч, дэлбэрэлт үүсгэсэн гэж албаныхан Associated Press агентлагт мэдээлсэн байна.
Хиймэл дагуулын зурагт Газар дундын тэнгист болсон халдлагын дараа Merkury хөлөг живсэн нь харагдана. Энэ нь Украины өмнөд хэсгээс 1000 гаруй милийн зайд болсон нь таван жил орчим үргэлжилж буй дайны газарзүйн хүрээ мэдэгдэхүйц тэлж байгааг харуулав.
Украин дайныг тэнгисийн цэргийн хүчгүй эхлүүлсэн ч Хар тэнгист Оросын байлдааны хөлөг онгоцнуудад заналхийлэхүйц тэнгисийн дрон ашиглах чадавхтай болсон. Үүний улмаас Оросын флот эзлэгдсэн Крымын Севастополь боомтыг аюултай гэж үзэж, зүүн хэсгийн Новороссийск боомт руу ухрахад хүрсэн юм.
Хэдэн цагийн дараа цэргийн хангамж тээвэрлэж явсан гэх Оростой холбоотой Ascalon ачааны хөлөг Бенгази хотын эрэг орчимд тэнгисийн дроны халдлагад өртжээ. Ливийн тэнгисийн цэргийн хүчин хөлгийн багийнхныг аварсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, багийн зарим гишүүн хөнгөн гэмтэлтэй, биеийн байдал тогтвортой байгаа аж. Гэмтсэн хүний тоо болон тэдний харьяалал тодорхойгүй байна.
Бенгази хотыг генерал Халифа Хафтарын удирддаг, өөрсдийгөө Ливийн үндэсний арми гэж нэрлэдэг хүчнийхэн хянадаг. Тус хүч Ливийн зүүн болон өмнөд хэсгийг хяналтдаа байлгадаг бөгөөд Оростой холбоотон юм.
Оросын эрх баригчид халдлагын талаар одоогоор мэдэгдэл хийгээгүй бөгөөд хариуцлагыг хүлээсэн тал гараагүй байна. Гэвч энэ хэрэг Украины цэргүүд фронтын шугамаас хол зайд Оросын эсрэг алсын тусгалтай халдлагаа эрчимжүүлж буй үед болжээ.
Ливи дэх НҮБ-ын төлөөлөгчийн газар (UNSMIL) Бенгази хотын эрэг орчимд болсон хоёр дроны халдлагыг нэн даруй, хараат бус, ил тод мөрдөн шалгалт явуулахыг уриалсан юм.
Хэрэв Украин Бенгази хотод Оросын байлдааны хөлгийг дэлбэлж живүүлсэн эсвэл ноцтой гэмтээсэн нь батлагдвал, энэ нь бараг таван жил үргэлжилж буй дайны хугацаанд Украины тэнгисийн цэргийн хамгийн амжилттай ажиллагаануудын нэг болох юм.