
УИХ зургаан сарын өмнө Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай УИХ-ын 58 дугаар тогтоолын төслийг баталсан. Тухайн үед "Олон жилийн турш гацсан экспортын төмөр замаа хил давуулах боломж бүрдлээ" хэмээн бүгд сайшааж, алдагдсан боломжийн өртгийг тооцон гасалцгааж байв. Гэвч одоо "Энэхүү гэрээ нь 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ болсон байна" хэмээн харамсаж, гэрээ байгуулсан хүмүүсийг шившиглэж эхэллээ.
10 тэрбум ам.доллар гэдэг их мөнгө. Гэвч энэ мэдээлэл гарснаас хойш Засгийн газраас тодорхой тайлбар өгсөнгүй. Харин улстөрчид хувь хувьдаа "Муу гэрээ гэдгийг нь мэдсэн учраас анхнаасаа дэмжээгүй", "Шүүхэд дуудагдахаас айсан учраас чимээгүй өнгөрсөн" хэмээн "Би дэмжихгүй эсрэг санал өгсөн", "58 дугаар тогтоолыг батлах хуралд оролцоогүй, байгаагүй" гэх зэргээр амиа хамгаалж эхэллээ. Бас "Манай нам, манай сайд буруугүй шүү" гэж арьсаа хамгаалж байна. Үнэхээр л буруу, алдагдалтай гэрээ гэдгийг нь тухайн үедээ мэдсэн юм бол дуугарахгүй, олон нийтэд "Ийм гэрээ байгуулах гэж байна шүү" гэж анхааруулахгүй яав. Тэд тухайн үедээ улс орноо бус намаа, амиа бодсон учраас чимээгүй өнгөрч. Нам нь засаглаж бас Засгийн газарт хамтарч байгаа учраас чимээгүй батлаад явах нь зөв гэж үзсэн бололтой.
Эсрэг санал өгсөн гишүүд олонх биш ч үнэхээр л ийм алдагдалтай гэрээ байгуулах гэж байгааг нь мэдсэн бол бүгдээрээ нэгдээд, дуу хоолойгоо олон нийтэд хүргээд дэмжлэгийг нь авч гэрээг сайжруулах, зогсоох боломжтой байлаа. Өмнө нь 2012-2016 оны УИХ-д яг одоо яригдаж байгаа шиг алдагдалтай гэрээ орж ирэх үед 40 гишүүн гарын үсэг зуран эсэргүүцэж байв. Харин энэ удаад муу, ашиггүй гэрээ гэдгийг нь мэдсэн гишүүд эс үйлдлээрээ үнэнийг иргэд олон нийтээс нуугаад өнгөрч. Харин одоо тэд үнэнийг хүлээн зөвшөөрч амиа хоохойлон сууна.
Н.Алтанхуяг
Би гэрээг батлах үед байгаагүй. Бүлгийнхээ хуралд бол оролцож буруу зүйл байгааг нь хэлсэн. УИХ нэг юм оруулж ирэхэд нь би кнопчин байдлаар ашиглагдахыг хүсээгүй. Иймэрхүү төрлийн олон юм орж ирж батлагдсан. Зарим асуудлыг маш ойлгомжгүй байдлаар явуулдаг. Бүлэг дээр нарийн юм яригдаагүй. УИХ ороод юм хэлбэл Алтанхуяг шүүх рүү л явна. Одоо тийм болчихоод байна шүү дээ.
Т.Аубакир
Би биржийн хуулийг маш их дэмжиж батлуулсан гишүүдийн нэг. Гэтэл энэ гэрээг байгуулснаар бирж маань нүүрсний борлуулалтын гадна үлдэх гээд байсан учраас би татгалзсан. Энэ бол их нарийн бодох ёстой асуудал. Монгол Улсад төмөр зам хэрэгтэй. Гэхдээ үнэ дээр жаахан асуудал байгаа юм биш үү гэж үзсэн учраас би итгэл үнэмшлээрээ эсрэг санал өгсөн.
Д.Ганбат
Буруу гэдгийг нь мэдээд эсрэг санал өгсөн. Одоо хүмүүс "10 тэрбумын алдагдалтай гэрээ болсон байна" гээд ярьж байна. Би 30-40 ам.долларын алдагдалтай гэрээ хийх гэж байгааг нь мэдээгүй. Тодорхой бус байсан учраас би мэдэхийн тулд асуулт асуусан боловч хариулт өгөөгүй. Маш их яарч тогтоолоо батлуулсан.
Б.Жаргалан
Манай улс 16 жилийн туршид 247 сая тонн нүүрс нийлүүлнэ гэж байсан. Гэхдээ нүүрс үнэ ямар байх талаар УИХ-д тодорхой мэдээлэл өгөөгүй. Хил холболтоо хийгээд төмөр замаа ашиглаж эхэлсний дараа "Чайна энержи" манайхаас жил бүр 20 сая тонн нүүрс худалдаж авна гэсэн. Нүүрсний үнэ нь ямар байх вэ гэдгийг тухайн үед зөндөө асуусан. "Дөрвөн боомтын индексжсэн үнээр тооцно. Айхтар хямдрал байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн. Энэ асуудлуудтай холбоотойгоор сар орчмын өмнө Засгийн газарт "Гэрээнүүд хийгдсэн юм уу, эцсийн байдлаар үнэ ханшаа хэрхэн тогтоож байгаа вэ" гэсэн албан бичиг явуулсан боловч хариу ирээгүй байна. Хил холболт хийх нь үнэн. Гэхдээ өөрсдийнхөө нөхцлөөр хийх ётсой шүү дээ.
Л.Мөнхбаясгалан
УИХ-ын 58 дугаар тогтоолын эсрэг байр суурьтай байсан учраас чуулганы хуралдаанд суугаагүй.
Ч.Ундрам
Би энэ гэрээг хоёр улсын Засгийн газар хоорондоо хэлэлцээр хийгээд байгуулах ёстой. Нарийн гэрээний заалтгүйгээр УИХ-аар шийдвэр гаргуулсныхаа дараа янз бүрийн байдлаар гэрээ байгуулах магадлалтай, УИХ-ын хийх ажил биш, Засгийн газар өөрөө хийгээд дараа нь хариуцлагаа хүлээгээд яваа ёстой гэж үзэж байсан. Гэрээ нь тодорхой биш ерөнхий чиг гаргасан тогтоолын төсөл байсан учраас дэмжилгүй эсрэг санал өгсөн. УИХ-аар шийдвэр гаргуулчихаад дараа нь Засгийн газар УИХ-аас чиглэл өгсөн учраас гэдэг утгаар гэрээ хийх гэж байсан. Тиймээс дэмжээгүй.
Б.Пүрэвдорж
Сүүлийн үед манай Ц.Туваан сайд руу дайрч байна. Уул уурхайн сайдын хувьд бодлого гаргаж, яаж хил холболтоо хийх үү, яаж ахиухан нүүрс гаргах уу гэж ерөнхий гэрээн дээр гарын үсэг зурсан. Үнэ тогтоох, ямар нүүрс гаргахыг "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт, түүний дор ажиллаж байгаа "Эрдэнэс Тавантолгойн" захирлууд шийддэг. Өөрсдийнхөө хулгайг АН-ын сайдаар ажиллаж байсан хүмүүс рүү чихнэ гэж байхгүй шүү. Манай бүлэг ясаа цайтал хамгаална шүү.
С.Эрдэнэболд
Нүүрснийхээ урт хугацааны зах зээлийн үнийг төлөвлөөд түүнээс доогуур үнэлж байгааг олон жил гацсан учраас ингээд урагшлуулъя гэдэг шалтгаанаар зөвтгөж ашиггүй наймаа хийж болохгүй учраас би дэмжээгүй. 10 ам.доллар хүртэл буюу бага хэмжээний хэлбэл бол нэг өөр шүү дээ. Гэтэл 100 ам.долларын гуравны нэгтэй тэмцэх хэмжээний зөрүү нь эрсдэлтэй санагдсан. Тиймээс дэмжихгүй байх шийдвэр гаргасан.