
Сассексийн гүнгийн авхай Меган Маркл энэ оны дөрөвдүгээр сард Австралийн Сидней хотод зохион байгуулагдах зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан амралтын өдрүүдийн арга хэмжээнд гол илтгэгчээр оролцох юм. Тус арга хэмжээний тасалбарын үнэ нэг хүний 2699 австрали доллароос эхэлнэ.
Гурван өдөр үргэлжлэх уг арга хэмжээ нь Меган болон түүний нөхөр Сассексийн гүн Харри нарын ирэх сарын Австралид хийх айлчлалын үеэр болох бөгөөд тэдний 2018 онд хийсэн анхны айлчлалаас долоон жилийн дараа болж буй юм. Тухайн үед тэд Британийн хааны гэр бүлийн гишүүдийн хувиар зочилж байжээ.
“Өөр хаана ч байхгүй охидын амралтын өдрүүд” хэмээн сурталчилж буй энэхүү арга хэмжээний үеэр Меган оройн зоог дээр илтгэл тавих аж. VIP тасалбар авсан хүмүүс гүнгийн авхайн өмнөх эгнээнд сууж Мегантай хамт зургаа авахуулах боломжтой аж.
300 хүний багтаамжтай уг арга хэмжээг Her Best Life подкаст зохион байгуулж байгаа. Тус подкастыг Жемма О`Нэйлл болон Австралийн алдарт радиогийн хөтлөгч Жэйки О`Хэндэрсон нар үүсгэн байгуулжээ.
О’Нэйлл өмнө нь жүжигчин Николь Кидманы багт ажиллаж байсан продюсер бөгөөд подкастынхаа үеэр энэ арга хэмжээг болно гэдгийг баталсан байна. Хэндэрсон өнгөрсөн сард хамтран хөтлөгчийн ажлаасаа түр хөндийрсөн тул О’Нэйлл одоо подкастыг ганцаараа хөтөлж байгаа.
О’Нэйлл сонсогчдодоо хандан “Би Меганыг болон түүний туулж өнгөрүүлсэн зүйлсийг биширдэг. Тэр эмэгтэй дарагдсан ч дахин босож чаддагийг харуулсан” гэж хэлжээ. Тэрээр мөн өөрийн удаан жилийн найз нь Меганы гэрт зочилж байхдаа тэднийг уулзах санал тавьсан гэж ярьсан байна.
О’Нэйлл “Бидний дундын найзын ачаар Меган энэ арга хэмжээнд тус хүргэх байдлаар оролцож байгаа” гэж хэлээд Меган эмэгтэйчүүдийг өөрсдийн хамгийн сайн хувилбар болохыг дэмждэг учраас зөвшөөрсөн гэж тайлбарласан байна. Тэрээр эхэндээ уг саналыг авахдаа эргэлзэж байсан ч подкастын сонсогчид ийм боломжийг хүртэх ёстой гэж бодоод зөвшөөрсөн гэж тэр хэлжээ.
“Энэ бол 300 эмэгтэйд зориулсан маш жижиг арга хэмжээ… Меган бид хоёр галын дэргэд сууж ярилцах маягийн чөлөөт яриа болно. Эмэгтэйчүүд дахин холбогдож, эрч хүчээ сэргээж, үнэхээр хөгжилтэй цагийг өнгөрүүлэхэд зориулсан мартагдашгүй амралтын өдрүүд” гэж тодорхойлсон уг арга хэмжээ Сидней хотын зүүн дүүрэгт байрлах Күүж далайн эргийн таван одтой зочид буудалд болно.
Арга хэмжээний хөтөлбөрт