
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор цаг уур, орчны шинжилгээний газраас цаг үеийн мэдээлэл хийлээ. Өнөө шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч зарим нутагт үзэгдэх орчин хязгаарлагдах болзошгүй байна. Зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Дорнод аймгийн хойд болон зүүн хэсгээр өнөө шөнө их хэмжээний цас орох тул онцгойлон сонор сэрэмжтэй байж, малчдыг малын хойноос явахгүй байхыг санууллаа.
Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэж, давс, элс хайрган хольц цацах ажил хийгдэж, замын хөдөлгөөнийг хянаж байна. Иймд иргэдийг өнөө шөнө үргэлжлэн орох цасны үеэр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.