
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзжээ. Уулзалтаар газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж харилцан тохиролцсон байна. Шатахуун нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, 2026 онд нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой хангах талаар ажил хэргийн саналуудыг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог хангах ажлыг хоёр яамны зүгээс онлайн хэлбэрээр тогтмол зохион байгуулж шуурхай шийдвэрлэж байхаар тохирчээ.
ОХУ-ын талаас 2026 онд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг хэвийн төвшинд, тасралтгүй нийлүүлэх боломжтой бөгөөд өөрийн экспортлогч ААН-дийн төлөвлөгөөнд Монголын ААН-үүдийн захиалгыг эрт оруулж төлөвлөх боломжоор ханган нийлүүлэлтийг хэвийн байлгах боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг манай дотоодод хадгалах савны нөөц бүрдтэл түр хугацаанд түрээслэн нөөц бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллах, цаашид ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдахаас эхлэн Монгол Улсад хэрэглэгчийн машинд цэнэглэгдэх хүртэлх бүх процессыг удирдан шийдэх удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн систеийг хамтран бий болгох боломжийг судалж, холбогдох шийдвэр гаргах талаар ярилцсан байна.
ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг цаашид тогтвортой нийлүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжихэ илэрхийлжээ. Уулзалтад “Газпром”, “Роснефть”, "Нефтьхимисервис", "Татнефть", "Оросын төмөр зам" зэрэг компаниудын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.