
Умард Солонгос саяхан АНУ, Өмнөд Солонгос хамтран зохион байгуулсан цэргийн сургуулилалтыг тус улсын эсрэг чиглэсэн цөмийн дайны бэлтгэл хэмээн мэдэгдэж, цөмийн чадавхаа эрчимжүүлэхээ амласан тухай төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлжээ.
Эрх баригч Хөдөлмөрийн намын газрын орлогч дарга Ким Жон Сик “Iron Mace” сургуулилалт нь АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсгээр дарах гэсэн “хяналтаа алдсан амбиц”-аа өөрчлөөгүйг харуулж байна. Ийм заналхийлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байна гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр “Iron Mace” болон Вашингтон, Сөүлийн хамтарсан бусад цэргийн ажиллагаа нь Умард Солонгос цөмийн хүчээ илүү хурдацтай бэхжүүлэх шаардлагатайг харуулж байгаа аж.
Сөүлийн цэргийн байгууллагын мэдээлснээр АНУ, Өмнөд Солонгос есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд “Iron Mace” сургуулилалтыг зохион байгуулжээ. Уг сургуулилалтын зорилго нь АНУ-ын цөмийн чадавхыг Өмнөд Солонгосын уламжлалт зэвсэгт хүчний ажиллагаатай уялдуулах явдал юм.
Шинжээчдийн үзэж буйгаар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн зэвсгийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг хариуцдаг гол албан тушаалтнуудын нэг Ким тус улсын цөмийн бодлогын талаар мэдэгдэл хийсэн нь ер бусын тохиолдол юм. Ийм мэдэгдлийг ихэвчлэн Батлан хамгаалах эсвэл Гадаад хэргийн яамны төлөөлөгчид хийдэг.
Умард Солонгос судлалын их сургуулийн гавьяат профессор Ян Му Жиний үзэж буйгаар Кимийн үүрэг хариуцлага пуужингийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлээс хальж, цөмийн болон пуужингийн бодлого боловсруулах хүрээнд өргөжиж байж болзошгүй аж.
Есдүгээр сард хоёр Солонгосын хилийн бүсэд мина дэлбэрснээс хойш хоёр улсын хоорондын хурцадмал байдал нэмэгдсэн. Үүний дараа Умард Солонгос аравдугаар сарын эцэс гэхэд Өмнөд Солонгосын чиглэлд чанга яригчаар суртал ухуулгын нэвтрүүлэг дамжуулах ажлаа сэргээнэ гэж сүрдүүлсэн юм.