
АНУ-ын чөлөөт сэтгүүлч Шелли Киттлесон Иракийн нийслэл Багдад хотод хулгайлагдсан талаар Ирак болон АНУ-ын албаныхан мэдээллээ. Түүнийг мягмар гараг(2025.03.31)-ийн орой барьцаалжээ. Сэжигтнүүдийн нэг нь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
Киттлесон нь Ал-Монитор сайтад нийтлэл бичдэг бөгөөд уг хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг хулгайлагдсан тухай анх мэдээлжээ.
Иракийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, аюулгүй байдлын хүчнийхэн сэтгүүлчийг авч явсан этгээдүүдийг мөрдөн хөөж, нэг автомашиныг онхолдуулан, нэг сэжигтнийг баривчилсан байна.
АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан мэдэгдэхдээ Ираны талд хамаарах зэвсэгт бүлэглэл болох Катайб Хезболлатай холбоотой этгээдийг Иракийн тал саатуулсан гэжээ.
АНУ-ын Төрийн департаментын Глобал олон нийттэй харилцах асуудал хариуцсан туслах сайд Дилан Жонсон уг хэргийг баталсан ч сэтгүүлчийн нэрийг дурдаагүй байна. Тэрээр “АНУ өмнө нь тухайн хүнд заналхийллийн талаар анхааруулж байсан. Түүнийг суллуулахын тулд Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байна” гэж мэдэгдэв.
АНУ-ын албаныхан Киттлесонд өмнө нь хэд хэдэн удаа анхааруулга өгч байсан төдийгүй хамгийн сүүлд даваа гаргийн орой хүртэл аюул заналхийллийн талаар мэдэгдэж байжээ. Мэдээллүүдэд дурдсанаар, сэтгүүлчийг Багдадын төв хэсэгт байрлах зочид буудлын орчимд барьцаалсан байна.
Киттлесоны яаралтай холбоо барих хүн болох аюулгүй байдлын шинжээч Алекс Плитсас CBS агентлагт өгсөн ярилцлагадаа түүнийг Ираны дэмжлэгтэй хагас цэрэгжсэн бүлэглэлүүдээс заналхийлэл ирж болзошгүй талаар анхааруулж байсан гэжээ. Мөн Катайб Хезболла бүлэглэл эмэгтэй сэтгүүлчдийг хулгайлах эсвэл хөнөөх төлөвлөгөөтэй байсан байж болзошгүй гэж үзэж байна.
Иракийн Дотоод хэргийн яам мэдэгдэхдээ “аюулгүй байдлын хүчнийхэн шуурхай ажиллагаа явуулж, сэжигтнүүдийг илрүүлэх, баривчлах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж онцоллоо.
Киттлесон нь Италийн Ром хотод байрлаж ажилладаг. Тэрээр өмнө нь Афганистан, Ирак, Сири дэх зэвсэгт мөргөлдөөнийг сурвалжилж байсан туршлагатай сэтгүүлч юм.
Иракийн нийслэл Багдад хот өмнө нь хулгайн гэмт хэрэг ихтэй байснаараа алдартай байсан ч сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын нөхцөл байдал харьцангуй сайжирч, ийм төрлийн гэмт хэрэг буурсан гэж үздэг.