
Трампын засаг захиргаа АНУ-ын хиймэл оюун ухааны салбарыг хамгаалах болон хурдацтай өсөх төлөвтэй үйлдвэрлэлийг эх орондоо эргүүлэн авчрах зорилгоор Хятадын шинэ робот болон эрчим хүчний инвертеруудыг импортлоход хориг тавих шийдвэрээ мягмар гарагт танилцууллаа. Холбооны Харилцаа Холбооны Хороо (FCC)-ноос зарласан хоригт Хятадаас импортолж буй шинэ хүн дүрст болон дөрвөн хөлт роботуудаас гадна сэргээгдэх эрчим хүч, батерейг цахилгаан сүлжээ болон дата төвийн төхөөрөмжүүдэд холбодог эрчим хүчний инвертерүүд багтжээ.
Харилцаа Холбооны Хорооны мэдэгдэлд "Эдгээр төхөөрөмжүүд нь АНУ-ын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг үүсгэж, Америкийн чухал дэд бүтцэд аюул заналхийлэх кибер аюулгүй байдлын эрсдэлийг бий болгож болзошгүй" хэмээжээ.
Тэгвэл Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас хоёр орны бизнес эрхлэгчдийн санаа бодлыг бодитоор тусгаж, Хятадын компаниудыг гүтгэн доромжлох, хориг арга хэмжээгээр заналхийлэхээ зогсоохыг АНУ-д уриалсан байна. Мөн Хятадын Засгийн газар "өөрийн ашиг сонирхолд хохирол учруулсан аливаа үйлдэлд шаардлагатай бүх хариу арга хэмжээг авна" гэв.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар хиймэл оюун ухаанаар тоноглогдсон хүн дүрст роботууд хэрэглээний болон үйлдвэрлэлийн салбарт өргөн нэвтрэх хүлээлттэй байгаа өнөө үед АНУ-д дата төвүүдийг эрчимтэй барьж байгуулах ажил нь инвертерийн найдвартай эх үүсвэрээс шууд хамаарна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Хятадын хиймэл оюун ухааны компаниуд АНУ-ын оюуны өмчийг хулгайлсан хэргээр хоригт өртөж магадгүйг анхааруулж байсан юм.
Үүнтэй зэрэгцээд Харилцаа Холбооны Хороо Хятадаас бусад орны нийлүүлэгчдэд өмнө нь тавьсан хязгаарлалтаа чөлөөлөх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлэв. Нийтлэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжиж буй уг хориг нь зах зээлд хараахан гарч амжаагүй шинэ робот болон инвертерийн загваруудад хамаарна. Хүн дүрст роботын салбарт дэлхийд тэргүүлэгч, дэлхийн зах зээлийн 20 хувийг эзэлдэг Unitree компанид дээрх шийдвэр хамгийн хүндээр тусаж байна. Батлан хамгаалах яамны дэмжлэгтэй Хятад компаниудын жагсаалтад саяхан багтсан тус компани нь хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч Nvidia компанитай хамтран ажиллаж байсан билээ.
АНУ-ын аюулгүй байдлын мэргэжилтнүүд Хятадын роботууд чухал салбаруудыг тагнах, мэдээлэл цуглуулан Бээжин рүү илгээх эсвэл чухал үйл ажиллагааг алсаас саатуулах эрсдэлтэй гэж үздэг. Хятад нь мөн дэлхийн хамгийн том инвертер үйлдвэрлэгч бөгөөд Sungrow Power Supply болон АНУ-ын хоригт хэдийн өртсөн Huawei компаниуд энэ салбарыг тэргүүлдэг юм.