
АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь National Mall талбайд ерөнхийлөгч Доналд Трамп, Жеффри Эпштэйний нарыг дүрсэлсэн маргаан дагуулсан шинэ хөшөөг байрлуулжээ.
“Ертөнцийн хаан” нэртэй энэ том баримал нь 1997 оны алдарт кино Титаник киноны романтик хэсэг болох хөлөг онгоцны урд хэсэг дээр зогсдог алдартай дүрслэлийг дуурайлгасан бүтээсэн хөшөө аж.
Хөшөөний суурин дээрх тайлбар хавтан дээр “Жек, Роуз хоёрын эмгэнэлт хайр тансаг аялал, зугаа цэнгэл, нууц зурагнуудаас бүрдэж байсан. Энэхүү дурсгал нь Дональд Трамп, Жеффри Эпштэйн нарын холбоог хүндэтгэн дурсаж байна” гэж сийлжээ.
Жуулчид хөшөөний зургийг сониучирхан зургийг нь авч байсан бөгөөд ойролцоо “Make America Safe Again” гэсэн бичигтэй, Трамп болон Эпштэйн хоёрын зургууд бүхий баннерууд байрлуулжээ.
Энэ бүтээлийг Secret Handshake нэртэй нууцлаг бүлэг байрлуулсан байна.
Өнгөрсөн есдүгээр сард энэ бүлэг Трамп болон Эпштэйн гар гараасаа хөтөлсөн хөшөөг Капитолын ордны өмнө байрлуулж байсан ч удалгүй авч хаясан.
Мөн энэ байгууллага 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолд халдсан үймээнд оролцогчдыг шүүмжилсэн “баасны хөшөө” болон Трамп Эпштэйнд бичсэн гэх төрсөн өдрийн захидлын том хуулбарыг байрлуулж байжээ.

Трамп, Эпштэйн хоёрын харилцаа АНУ-ын Хууль зүйн яам Эпштэйнтэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгож эхэлснээс хойш дахин анхаарал татаж эхэлсэн. Энэ баримтуудын заримд Трампын нэр дурдагдсан байна. Мөн нэг эмэгтэй Трамп өөрт нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн тухай гурван баримт бий. Гэвч Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Лийвит энэ мэдэгдлийг “ямар ч найдвартай нотолгоогүй, бүрэн үндэслэлгүй” гэж няцаажээ.
Мөн зарим Ардчилсан намын гишүүд Трампыг Конгрессын хяналтын хороонд мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Харин Бүгд найрамдах намын гишүүд Трампыг ямар нэг буруутай үйлдэл хийгээгүй, цэвэр гэж мэдэгдсэн.
Трамп, Эпштэйн хоёр 1990-ээд оноос 2000-аад онд нийгмийн хүрээнд танил байсан бөгөөд Mar-a-Lago болон Plaza Hotel зэрэг газруудад хамт зургаа авахуулж байсан.
Эпштэйн 2017 онд зохиолч Майкл Волф-д Трампыг өөрийн “хамгийн ойрын найз” гэж хэлж байсан аж. Эпштэйн хоёр жилийн дараа шоронд нас барсан бөгөөд үхлийг нь амиа хорлосон гэж тогтоосон.
Трамп өөрийн зүгээс Эпштэйнтэй олон жилийн өмнө холбоогоо тасалсан бөгөөд ямар нэг буруу үйлдэл хийгээгүй гэж мэдэгдсээр ирсэн. Мөн Эпштэйнтэй холбоотой маргааныг “Ардчилсан намын зохион байгуулсан худал хэрэг” гэж тодорхойлжээ.